“Монголын зөгийн бал–2025” форум зохион байгуулагдаж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 28

Монгол улсын зөгийн аж ахуйн үйл ажиллагааг тогтворжуулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, экспортын чиг баримжаатай Монголын зөгийн балны кластерын санаачилгыг дэмжихээр “МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛ-2025” форум Улаанбаатар хотод (2025.11.28) зохион байгуулагдаж байна.

Форумыг ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын газрын дарга А.Гэрэлзаяа, Баялаг Хантай Хоршооны дарга Ч.Батцэцэг, ахмад зөгийчин П.Дагвадорж нар нээж үг хэллээ.

Тус арга хэмжээнд 90 гаруй зөгийчин, хоршоологч, үйлдвэрлэгч, судлаачид болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Форумын үеэр  “Уур амьсгалын өөрчлөлт ба зөгийн аж ахуй”, “Зөгийн аж ахуйн өнөөгийн байдал, үйлдвэрлэл нэмэгдүүлэх боломж”, “Газар зүйн заалт, оюуны өмчөөр хамгаалах асуудал”,  “Бизнесээ албан ёсоор эрхэлье”,  “Органик зөгийн бал: Дотоодын чанараас дэлхийн зах зээлд” сэдэвт илтгэлүүдийг танилцуулав. Мөн Зөгийн бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, Зүүн бүсийн зөгийчдийн хамтын ажиллагаа сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөж байна.

Форумын үр дүнд Монголын зөгийн балны кластер байгуулах эх суурь тавигдаж, зөгийн бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын нийтлэг журамтай болох, органик, экспортын шаардлага хангах стандарт, тохирлын зөвлөмж гарах, хоршоодын хамтын ажиллагаа, нэгдсэн нийлүүлэлтийн сүлжээ бүрдэх, албан бус зөгийчдийг албажуулах дэмжлэгийн механизм тодорхой болж, Монгол зөгийн балны үндэсний брэнд, газар зүйн заалтын концепц боловсруулагдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин...(202.179.27.215) 2025 оны 11 сарын 29

НӨГӨӨ НАРА ГЭГЧ ЭМЭГТЭЙ ЁСТОЙ ЭНД СУУЖ БАЙХ ЁСТОЙ ХҮН БИЗ ДЭЭ.

0  |  0
Top