Тулгар төр байгуулагдсаны 2234 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баярын ЭНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН АНХНЫ НААДАМ болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”2025.06.28-ны өдөр Бельгийн Хаант Улсад албан ёсоор эхэллээ.
Тус наадмыг нээж Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Дэлхийн Монголчуудын наадам”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхтүшиг, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-ын дэд тэргүүн Г.Ганзориг, Монгол улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд нар нээж мэндчилгээ дэвшүүллээ.
Хилийн чанадад нийт 250,000 орчим Монголчууд оршин суудгаас Европ тивд 85,000 орчим нь ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тус наадамд нийт 7000 гаруй иргэд хүрэлцэн ирээд байна.
Энэхүү наадмаар хүчит бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, “Дээлтэй Монгол наадам”болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ын үзэсгэлэн худалдаа, бизнес уулзалт арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, Монгол Улсаас Хилийн чанадад суугаа Элчин сайдын яамд, Development Solutions NGO - Хөгжлийн Шийдэл ТББ нар хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )