Дүүргийн төсвийн хөрөнгөөр гэр хорооллын бүсэд анх удаа гал түймэр унтраах, аврах анги бий болж байна. Тус анги ашиглалтад орсноор Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойролцоох 80 мянган хүн, ААН байгууллагыг гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг илүү ойроос, илүү шуурхай хүргэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлагын 70–80 хувь нь гэр хорооллын бүсэд бүртгэгддэг. Гэвч замын ачаалал, хаягийн зөрүүтэй мэдээллээс шалтгаалж, түймрийн голомтод хүрэх хугацаа 5–8 минут, зарим тохиолдод 10–15 минут хүрч, хожимдох тохиолдол бий. Иймээс гэр хорооллын бүс дэх галын аюулыг бууруулах зорилгоор 86 дугаар анги өнөөдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна.
Монгол Улсын галын аюулгүй байдлын тухай хуульд зааснаар нийслэлийн хэмжээнд 35 гал түймэр унтраах, аврах анги байх ёстой гэж заасан. Өнөөдрийн байдлаар 16 гал түймэр унтраах анги үйл ажиллагаа явуулж байна. Цаашид энэ стандартыг мөрдөхийн тулд, нийслэлийн төвийн дүүрэгт гал унтраах аврах анги байгуулах ажил үе шаттай үргэлжиж байна.

Сэтгэгдэл ( 0 )