ДЭМБ-аас гишүүн орнууд гарахгүй

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 11

Дэлхийн улс орнууд АНУ-ын жишээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүрэлдхүүнээс гарахгүй гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус үзэж байна.

“Энэ талаар би нэг их санаа зовохгүй байна. ДЭМБ-ын гишүүнээр үлдэх жинтэй шалтгаан байгаа. Энэ нь АНУ-д ч хамаарна. ДЭМБ АНУ-тай яриа хэлэлцээ хийж ирсэн боловч үр дүнд хүрээгүй. ДЭМб-ыг өөрчлөн шинэчлэх асуудлаар АНУ санал санаачлага гаргаагүй” гэж тэрбээр Politico сонинд ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.

“Нөгөө талаар ДЭМБ Америкийн Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний сайд Роберт Кеннеди-тэй харилцаа холбоотой байгаа бөгөөд тэрбээр Газын зурвасаас хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тусалсан” гэж Гебрейесус хэлсэн байна.  

АНУ-ыг ДЭМБ-аас гаргах үйл явцыг Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан эхний бүрэн эрхийн хугацаандаа эхлүүлсэн юм. 2020 оны тавдугаар сарын 29-нд Трамп ДЭМБ-ыг Хятадын хяналтанд бүрэн орсон хэмээн буруутгаж, АНУ тус байгууллагаатай харилцаагаа бүрэн зогооно гэж мэдэгдэж байжээ. АНУ 2021 оны долдугаар сарын 6-наас ДЭМБ-аас гарна гэж тэр үед Америкийн засаг захиргаа НҮБ-д мэдэгдсэн аж. АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден төрийн тэргүүнээр ажиллаж эхэлсэн эхний өдрөө дээрх шийдвэрийг цуцлах тухай зарлигт гарын үсэг зурж байв. Дональд Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа ДЭМБ-аас АНУ-ыг гаргах тухай зарлигт гарын үсэг зурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top