“Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2.4 дахин нэмэгдүүлжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 07

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар талх, нарийн боов үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмж Архад” ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хэрэгжилттэй танилцлаа.  

“Өгөөмж Архад” ХХК Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд арилжааны банкны хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Зээлийн санхүүжилтээр агуулах болон шинэ үйлдвэр байгуулсан. Тухайлбал, хөөмөл бүтээгдэхүүн үйлдвэрлэх шугаман машин, гурил машиндах машин, шарах шүүгээ зэрэг тоног төхөөрөмж суурилуулж, үйлдвэрлэлийн бүтээмжээ өсгөжээ. Үр дүнд нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2.4 дахин, борлуулалтын орлогоо 2 дахин нэмэгдүүлсэн. Мөн бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, ажлын байраа нэмэгдүүлсэн бөгөөд үйлдвэрийн дэргэдэх бэйкери, кофе шопын байраа бүрэн шинэчилсэн талаар тус компанийнийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал танилцуулав.   

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өгөөмж Архад” ХХК-ийн үйлдвэрт 2 жилийн дараа дахин зочилсон бөгөөд энэ хугацаанд жижиг аж ахуйн нэгжээс дунд ангилалд дэвших хүртлээ үйл ажиллагаагаа өргөтгөж чадсан тус хамт олонд баяр хүргэсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top