НИТХ-ын дарга А.Баярын Пусан хотод хийж буй ажлын айлчлал нутгийн өөрөө удирдах дээд байгууллага, Пусаны иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд үргэлжиллээ. Пусаны ИТХ-ын дарга Ahn Sung‑Min болон төлөөлөгч, Ажлын албаныхан манай айлчлалын баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, халуун дотно, ажил хэрэгч яриа өрнүүллээ.
Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Монголчууд ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэлцдэг. Хоёр хот хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, зорилгоо нэгтгэж, бодлогын түвшинд биенээ дэмжиж байж хөгжиж, харилцан ашигтай яриа хэлэлцээ, хөрөнгө оруулалт, түншлэл үүснэ. Бидний өнөөдрийн уулзалт, хэлэлцээ ирээдүйн 20-30 жилд ч үр дүнгээ өгсөн сайн хамтралын эхлэл болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгийг онцоллоо.
НИТХ-ын дарга А.Баяр хамтын ажиллагааны хүрээнд гурван саналыг албан ёсоор тавилаа. Тодруулбал, "Нэгдүгээрт, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтарч ажиллах, Хоёрдугаарт, аялал жуулчлалын чиглэлд хамтарч ажиллах, Гуравдугаарт, 1000 эмч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж, харилцан туршлага солилцоход хамтарч ажиллахыг хүсье" гэв.

Сэтгэгдэл ( 0 )