Монголын гурван боксчин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тоглоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 10

Английн Ливерпүүл хотноо болж буй боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр эхэлж байна. Өөрөөр хэлбэл, шөвгийн наймын тулаанууд болно.

Шөвгийн наймд ялалт байгуулсан тамирчид шөвгийн дөрөвт шалгарснаар хүрэл медалийн болзлоо хангаж, улмаар цаашид медалийн өнгөө хувиргаж, Дэлхийн аваргын болохын төлөө үргэлжлүүлэн тулалдах учиртай.

Өчигдөр M&S Bank Arena-гийн рингэнд Монголын дөрвөн тамирчин гарч, дөрвүүлээ ялалт байгуулж, бахдам амжилт үзүүллээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Алтанцэцэг, 51 кг-д Б.Мөнгөнсаран, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга, 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан нар дараалан ялалт байгуулж, элэг нэгтэн биднийхээ магнайг тэнийлгэлээ.

Монголын 10 тамирчин Ливерпүүлд очсоноос 5 нь медалийн төлөөх тулаанд шалгаран үлдээд байна. Өнөөдөр энэ таваас гурав нь рингнээ гарах болно.
 


Эхлээд Хархүүгийн Билгүүнсайхан Испанийн Рафаэл Лосанотой 21:00 цагаас тулаантай. Дараа нь 21:45-аас Отгонбаатарын Бямба-Эрдэнэ тэмцээнийг зохион явуулагч орон Английн Камара Одельтой, шөнө 01:15-аас Балсангийн Мөнгөнсарангийн Узбекистаны Феруза Казаковатай хүрэл медалийн төлөө тулалдах болно

Монголын шилдэг боксчдодоо амжилт хүсэж, олон жилийн турш хичээн хөдөлмөрлөсний үр шимээ хүртэхийн ерөөл өргөе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top