Өнөөдөр эхлэх боксын ДАШТ-д Монголын 10 боксчин оролцоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 04

Өнөөдөр Английн Ливерпүүл хотын M&S Bank Arena-д боксын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн эхэлнэ.

Дэлхийн 66 орны 540 тамирчин, эрч хүч, хурд самбаагаа сорих энэхүү тэмцээнд Монголын 10 тамирчин оролцохоор гурван дасгалжуулагчийнхаа хамт очоод байна.

 

 

Монголын Боксын Холбооноос гаргасан тамирчдын нэрсийг танилцуулъя:

Эмэгтэй: 48 кг: Л.Алтанцэцэг, 51 кг: Б.Мөнгөнсаран, 54 кг: О.Есүгэн, 57 кг: М.Энхжаргал, 60 кг: М.Намуун.

Эрэгтэй: 50 кг: А.Баттулга, 55 кг: Х.Билгүүнсайхан, 60 кг: Г.Лундаа, 65 кг: Б.Мишээлт, 70 кг: О.Бямба-эрдэнэ

Дасгалжуулагчид: Рубин Пинэйро Санчес, О.Батхүү, Ж.Еркин.

Монголын Боксын Холбоо Кубын мэргэжилтэн дасгалжуулагч Рубин Пинэйро Санчестай зургаан сарын гэрээ байгуулж, шигшээ багийнхаа ахлах дасгалжуулагчаар ажиллуулах болсон.

 

 

ДАШТ-д очсон олон улсын тамирчид дунд 2024 оны Парисын олимпын 17 медальтан байгаагийн 9 нь эмэгтэй, 8 эрэгтэй боксчин байна. Узбекистаны Абдумалик Халозов, Кубын Эрисланди Альварес нар Парисаас алтан медаль хүртсэн. Мөн Парисын олимпын мөнгөн медальт Польшийн Юлия Шеремета, Панамын Атэйна Байлон нар байна. Мэдээж, Клубын домогт боксчин, Олимпын хошой аварга, Дэлхийн таван удаагийн аварга, 35 настай Хулио Сесар Ла Крус энэ тэмцээнд оролцохоор бүртгүүлснийг дурдах нь зүй.

Тэмцээний нэг гол онцлог бол эрэгтэй, эмэгтэй боксчид тусдаа биш цугтаа ДАШТ-ээ хийж байгаа нь юм.

 

 

Манай эмэгтэй тамирчдаас эхний тойрогт эхэлж рингнээ гарах нь 57 кг-ын жинд М.Энхжаргал байна. Маргааш буюу 5-нд эхний тойрогт Австралийн Жюли Рамадантай сугалаа таарчээ. Харин нөгөөдөр буюу энэ сарын 6-нд 51 кг-ын жингийн Б.Мөнгөнсаран, 60 кг-ын М.Намуун нар эхний тулаанаа хийхээр болсон байна. Б.Мөнгөнсарангийн эхний өрсөлдсөгч нь  24 настай Ярослава Маринчук, М.Намууны өрсөлдөгч нь БНХАУ-ын Ян Чен Гюү.

Харин 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг эхний тойрогт гоц мөргөөд, хоёрдугаар тойрогт 2022 оны Дэлхийн аварга, Туркийн Айсе Кагириртай таарсан байна.54 кг-ын жингийн О.Есүгэн хоёрдугаар тойрогт Хятадын Тайвань, Японы боксчны хэн ялсантай нь тоглох болно.

 

 

Тэгвэл эрэгтэй боксчдоос 50 кг-ын А.Баттулга Польш, Өмнөд Солонгосын боксчны хэн ялсантай нь энэ сарын 9-нд тулаантай. 55 кг-ын жингийн Х.Билгүүнсайхан Швед, Унгарын тамирчдын хэн ялсантай нь энэ сарын 7-нд, 60 кг-д өрсөлдөх Г.Лундаа Литва, Гүржийн боксчны хэн ялсантай нь энэ сарын 6-нд, 65 кг-д Б.Мишээлт Иран, Грекийн хоёр тамирчны хэн ялсантай нь энэ сарын 7-нд, 70 кг-ын жингийн О.Бямба-Эрдэнэ Литва, Шинэ Зеландын тамирчдын хэн ялсантай нь энэ сарын 6-нд тоглохоор сугалаа гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top