Иман Хэлиф дасгалжуулагчийнхаа үгийг үгүйсгэж, урвагч гэж цоллов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 22

Парисын олимпын наадмын аварга, Алжирын боксчин Иман Хэлифийг тамирчны замналаа өндөрлүүлсэн гэж түүний дасгалжуулагч Нассер Йефах Францын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Тэгвэл энэ ярилцлага нийтлэгдснээс хойш ердөө хэдхэн цагийн дараа Иман Хэлиф дасгалжуулагчийн үгсийг үгүйсгээд, тамирчны замналаа үргэлжлүүлсэн хэвээр байх болно гэдгээ мэдэгдлээ.

“Намайг боксоо орхисон гэдэг нь худал ташаа болохыг олон нийтэд тодорхой хэлмээр байна. Дасгалжуулагч Йефах ингэж худлаа ярьснаараа надаас ч, эх орноосоо ч урвалаа. Энэ бол атгаг бодлын үүднээс зориудаар хэлсэн худал үгс. Энэ хүн цаашид намайг төлөөлөхгүй. Би боксоо орхино гэж хэзээ ч хэлээгүй. Тамирчны замналдаа үнэнч байж, үргэлжлүүлэх болно. Алжир, Катар хоёрын хооронд байнга явж, бэлтгэлээ базаасаар байгаа” хэмээн Иман Хэлиф мэдэгджээ.

Иман Хэлиф Парисын олимпын наадмын эмэгтэйчүүдийн 66 кг-ын жинд түрүүлсэн. Гэвч түүнийг эмэгтэй хүн биш эрэгтэй хүн гэх ойлголт Дэлхий нийтээр тарсан. Түүнтэй олимпын рингэн дээр тулсан Италийн боксчин “Би олон эрэгтэй тамирчинтай бэлтгэл хийж үзсэн. Гэхдээ хэзээ ч ийм хүчтэй цохиулж байгаагүй” хэмээн хэлээд нулимс дуслуулан тулаанаа зогсоосон удаатай.

Олимпын өмнөх жил болсон ДАШТ-д Иман Хэлифийг хүйсийн шинжилгээний асуудлаас болоод оруулаагүй. Гэвч ОУОХ-ны ерөнхийлөгч асан Томас Бах шинжилгээний хариунд бус харин үнэмлэх дээрх хүйсийн тэмдэглэгээг үндэслэн Иман Хэлиф болон Хятадын Тайванийн тамирчин Лин Юү Тин нарыг олимпын наадамд оролцуулахад хоёулаа аварга болсон.

Гэхдээ энэ зун World Boxing-оос тэмцээнд оролцох эмэгтэй тамирчин бүрээс хүйс тогтоох сорил авна гэдгээ албан ёсоор зарласан юм. Үүний дараагаар болсон тэмцээнүүдэд Иман Хэлиф оролцоогүй байгаа.

Олимпын аварга болсон нэг жилийн ой нь саяхан тохиолоо. Үүнийг тохиолдуулан Иман Хэлиф телевизийн хөтлөгч Нассима Жаффирын подкастад оролцсон байна. “Олимпын аварга болсон агшин хэзээ ч мартагдахааргүй байсан. Баяр, гунигийн нулимс сүлэлдэн гарч байлаа. Төрийн далбаагаа өргүүлж, тэргүүнээ өндөрт өргөж, боксчны хүч чадал, зүрх сэтгэлийн тэнхээг харуулснаараа би их бахарсан. Өнөөдөр нэг жилийн ойн өдөр ч гэлээ сэтгэл санаа хэцүү л байгаа. Маш их дарамт, шаналлыг давж туулж явна. Уналт бүр дараа дараачийн босолт, ялалтын суурь болдог гэж итгэдэг. Мөн зогсолт, хүлээлт бүр итгэл, тэмүүллийн эх болдог. Жинхэнэ хүч гэдэг бол олимпын аварга болохыг хэлдэггүй юм. Жинхэнэ хүч гэж бүх саад бэрхшээлийг давж гарахыг хэлдэг. Би Иман Хэлиф. Өчигдрийн аварга, өнөөдрийн тэвчээр, маргаашийн эргэн ирэх тэмүүлэл” хэмээн тэрбээр өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top