2013 онд Италийн “Лацио” нэгэн тун ирээдүйтэй цэл залуухан хөлбөмбөгчийг эгнээндээ элсүүллээ гэсэн нь Жозеф Минала байлаа. Түүнийг 17 настай гэж авсан ч олон нийт яавч 30 гарсан гэж өнгөц харж тодорхойлсон бөгөөд зарим нь бүр 42-той гэж ярьж, бичиж эхэлсэн юм.
Царайг нь харвал 1996 онд төрсөн гэхээргүй нь үнэн ч гэлээ насаа дэндүү ихээр дарсан гэх хэрэг үүсгэн шалгасан ч худал баримт бичиг хэрэглэсэн гэдэг нь нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

“Лацио”-гийн өсвөр, залуучуудын багийн талаар мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч Макс Эванжелиста “Минала их бүтээлч тоглогч.
Ямартай ч 40 гарсан гэж бол хэлэхээргүй. Эргэн тойрон хурдан хөлбөмбөгч гүйж байхад Минала дунд нь зэрэгцээд гүйдэг. Яавч 42 настай хүн тэгж гүйж чадахгүй.

Харин тэр царайны тухайд бол Камерунд хүүхдийн асрамжийн газарт амьдардаг байсан юм билээ. Магадгүй нүүрэн дээр нь аз жаргалгүй өнгөрүүлсэн хүүхэд нас нь шингэсэн ч байж болно. Дараа нь насаа дарсан гэх энэ хэрэгт буруутгагдаад бөөн бужигнаан боллоо. Үүгээр энэ яриаг цэглэе. Одоо хэн ч түүнийг 42-той гэхгүй. Минала ч тоглоё гэсэн хүсэлтэй хүүхэд шиг хэвээрээ байгаа. Хүсдэг зүйл нь хөлбөмбөг л тоглох. Яг бага насных шигээ хөл нүцгэн бөмбөг хөөж гүйх тэр дуртай” гэж бичсэн байна.

“Лацио”-д Минала цөөн тоглолтод гарсан. Дараа нь “Бари”, “Салернитана” руу зээллэгээр явуулжээ. Хэдийгээр Сери В-д 67 тоглолтод оролцсон ч “Салернитана” байнгын гэрээ санал болгоогүй гэнэ.
Ингээд “Лацио”-д буцаж ирээд 2020 онд Хятадын “Чиндао” руу зээллэгээр явав. Тэнд 15 тоглолтод гарч, баг нь 8 баг оролцсон тэмцээний 7-д оржээ. 2021 оны нэгдүгээр сард “Лацио”-д буцаад очлоо. Гэрээ нь дуусгавар болж, Сери С-гийн “Луккезе”-тэй нэг жилийн гэрээ хийсэн байна. 20 тоглолтод оролцож, 3 гоол орууллаа.

Дараа нь Мальтагийн түүхэн шилдэг клуб “Слима Уондерерс”-той гэрээ байгуулжээ. Тэндээ 25 тоглолтод гарч, 4 гоол оруулаад дараа улиралд нь мөнхийн өрсөлдөгч “Гзира Юнайтед”-тай нь гэрээ байгуулчихжээ.
Одоо Минала 28-тай. Насных нь талаарх ярианы талаар бодлоо хэлэхдээ “Би их залуу байсан болохоор юу болоод байгааг сайн төсөөлөөгүй. Гэхдээ тэр насны тухай шуугиан замналд минь саад хийсэн нь үнэн. Намайг хөлбөмбөг хэрхэн тоглодгоор минь хэзээ ч дүгнэж байгаагүй. Би “Бари”-д эхний улирлаа өнгөрүүлэхдээ 19 тоглолтод 4 гоол оруулсан юм шүү дээ.

Үүнээс илүү байж чадах байсан уу? гэвэл мэдээж тийм. Зээллэгээр өөр багт очих тоолондоо сайн тоглосон. Гэхдээ надад бусадтай адил боломжийг огт өгөөгүй. Хүчирхэг “Лацио”-гийн бүрэлдэхүүнд насаа дарж ирсэн хөгшин л гэдэг байлаа.
“Лацио”-д долоон жил болоход дасгалжуулагч надад боломж огт өгөөгүй. Боломж олдоно гэж горьдож их хүлээсэн. Надаас муу тоглодог хөлбөмбөгчдөд боломж өгдөг хэрнээ надад өгөөгүйд нь гомддогоо нуухгүй. Уг нь намайг өөр олон клуб авъя гэсэн ч шуугианаас болоод саналаа бүгд татсан даа” хэмээн Минала ярьжээ.

Минала одоо ч хөлбөмбөгөө тоглосоор байна. Хэрвээ тэгэхэд 42 настай байсан бол одоо 54 хүрчихсэн яваа хэрэг.

Сэтгэгдэл ( 3 )
Яавч 17той биш
Эвийдээ багаасаа хүнд амьдрал туулсан болохоор үргэлжийн сэтгэлийн зовлон нь түүнийг цагаас нь эрт өтөлсөн мэт харагдуулдаг байх. Царайны сайхнаар цай сүлэх биш дээ. Олон жил амжилттай тоглоосой.
ЧБиед нь хөгшин сүнс эзэн суучихсан байх