Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн орлого ХУУЛЬ ЁСНЫ гэж нотлогджээ

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 07 сарын 23

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгалаа.

Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.

Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.

“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сс(66.181.168.82) 2025 оны 07 сарын 24

Ичмээр юм. ийм шийдвэр гараж байгаа АТГ. өрх тусгаарлаагүй хүүхэд орлоготой бол эцгийн буюу Оюунэрдэнийн ХОМ дээр орлогоо мэдүүлэх ёстой байдгийг анхнаасаа зөрчсөн байгаа бус уу

0  |  0
Зочин(66.181.177.218) 2025 оны 07 сарын 24

Одоо Оюун-Эрдэнэ буруугүй болсон тул Ерөнхий сайдын суудалд нь буцаан тавих ёстой. Орлогоо нотолсон байна ш дээ.

1  |  0
шоу шооу(45.84.107.97) 2025 оны 07 сарын 23

ядуугаа мэдэхгүй монгол түмэн ууж идэх нь их юм байна дээрээс нь гоё шоу үзүүлдэг компанид манай хүү ажилдаг сайхан мэдээрэй заа асуудал шийдэв үү, гүйцээ биз, би цалингаас гадуурхи орлогын тухай ярих уу гээд л сайд асуудлыг шийддэг юм байна, одоо мөнгө цаасны гачигдалгүй хэдэн залуусын асуудал

0  |  0
Засаг(103.212.118.210) 2025 оны 07 сарын 23

Аймаар юмаа, яаж тэгэж тогтоосон юм бол?

0  |  0
Top