Хятадад эмэгтэй комедианд анхааруулга өгчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 23

 

БНХАУ-д сүүлийн үед комедиан эмэгтэйчүүд нэвтрүүлэгт оролцох болж, эрэгтэйчүүдийн бүдүүлэг, түрэмгий зан авирын тухай инээдтэй зүйлс ярих болжээ.

Тэдний үзүүлбэрийг үзсэн хүмүүс ихэд баясан инээлдэж, хүрээгээ тэлэх хандлагатай байгаа ч Жэжянь мужийн удирдлага комедианд анхааруулга өгсөн гэнэ.

Бүтэлгүй, бүдүүлэг нөхрөөсөө салж буй эмэгтэйн тухай яриаг нь үзэгчид ихээр шимтэн үзэж, босож алга ташиж байхад мужийн удирдлага эрчүүдийг гутаасан мөн хүйсийн хооронд дайсагналцал бий болгож байна гэж дүгнээд зүгээр хий хоосон инээлгэх бус харин бүтээлчээр хандахыг зөвлөжээ.

“Мэдээж хошин маягийн шүүмж байлгүй яахав. Гэхдээ хүйсийн дайсагналцал, үл ойлголцол үүсгэх бус илүү бүтээлч, учир шалтгааны үндсийг гаргасан байх ёстой” гэж Жэжянь мужийн удирдлага цохон тэмдэглэсэн гэнэ. “Өөртөө итгэлтэй эрчүүдийг шоолохын оронд тэдний сэтгэлзүйг нягталж үзэх хэрэгтэй” гэж хүртэл мэдэгджээ.

Хятадад эмэгтэйчүүдийн эрхийн тухай яриа эмзэг сэдэвт ордог гэдэг. Хэдийгээр мужийн удирдлагын мэдэгдэлд тодорхой жүжигчдийн нэр цохоогүй ч iQiyi SuperShow-нд оролцсон Фанжүрэн хэмээх уран бүтээлийн нэрээрээ алдаршиж буй Фан Чүнлид өгсөн анхааруулга гэж ойлгож болох гэнэ.

2024 онд хятад эрчүүдийн байгаа байдлыг шүүмжилсэн комедиан Ян Лиг ивээн тэтгэхээс JD.com татгалзаж байлаа. Тэгэхэд олон хятад эрчүүд комедиан руу дайрч, буруутгасан юм.

Харин энэ удаад Фанжүрэн өөрийнхөө намтрыг ярьсан нь олны сэтгэлд хүрсэн гэнэ. “Тосгонд байхдаа би салмаар байна гэхэд уучилшгүй нүгэл шиг хүлээн авсан. Харин одоо салалтын тухай олон нийтэд дэлгэн өгүүлэхэд алга ташиж байна” хэмээн Фанжүрэн өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu