Astronomer-ийн ерөнхий захирал Энди Байрон болон хүний нөөцийн албаны дарга Кристин Кэбот нарыг тоглолтынхоо үеэр том дэлгэцэнд харуулж, хувийн амьдрал болон ажлын нэр хүндийг нь “нураасан” Coldplay хамтлаг Висконсин мужийн Мэдисоны “Кэмп Рэндалл” стадионд ээлжилт тоглолтоо хийлээ.
Тоглолтын өмнө хамтлагийн Крис Мартин үзэгчдэд хандан “Бид энд цугласан та бүхнээс заримыг нь онцлон мэндчлэх болно. Камер ашиглан та нараас заримыг нь том дэлгэц дээр харуулна шүү!” хэмээн анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, хос юмуу гэр бүл биш хүмүүс тоглолтын үеэр тэврэлдэж, үнсэлцэхгүй байхыг сануулсан гэхэд хилсдэхгүй.
Бостонд болсон өмнөх тоглолтын үеэр Astronomer-ийн ерөнхий захирал, 50 настай Энди Байрон компанийнхаа хүний нөөцийн албаны дарга, 56 настай Кристин Кэботыг араас нь тэврэн зогсоо дүрсийг том дэлгэц дээр өгснөөр дуулиан дэгдсэн.
“Өө, энэ хоёрыг хар даа. Юу болчихов? Энэ хоёр тийм ичимхий юм байх даа” гэж том дэлгэц дээр тэднийг гарахад Крис Мартин хэлсэн юм. Гэвч дэлгэцэнд туссан хоёр хоёулаа тусдаа гэр бүлтэй басхүү томоохон компанид хамтдаа ажилладаг чинээлэг хүмүүс байж таарсан тул дуулиан улам нэмэгдсэн.
Astronomer нь Uber, Ford, LinkedIn зэрэг томоохон компаниудад хиймэл оюун ухааны программ хангамж нийлүүлдэг ажээ. “Astronomer соёл, үнэт зүйлийг эрхэм болгодог гэж бид өмнө нь мэдэгдсэн. Энэ бол бидний удирдлага болгодог үндсэн зарчим. Тиймээс компанийн удирдлагыг ч биеэ зөв авч явах, хариуцлагатай байхыг шаарддаг. Гэвч сүүлийн үед энэ шалгуурыг хангасангүй.
Хэдийгээр манай компанийн нэр төр нэг шөнийн дотор өөрчлөгдсөн ч үйлчлүүлэгчид урьдын адил бидэнтэй хамтран ажилласан хэвээр байна. Тиймээс бид хамгийн сайн хийж чаддаг Хиймэл оюун ухааны программ хангамжийн чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж, үйлчлүүлэгч нартаа тусалсаар байх болно” гэж компаниас албан ёсоор мэдэгджээ.
Тэрхүү дуулиант явдлын дараагаар Энди Байрон ажлаа өгч, оронд нь Питер ДеЖой ажиллах болжээ.
Сэтгэгдэл ( 0 )