Чатбот илүү хүртээмжтэй болж, дэлгэрснээр хиймэл оюунтай андуурах болсныг шинжээчид онцолжээ. Дэлхий даяар олон тэрбум хүн хиймэл оюун ухааныг хиймэл ярилцагч гэж үзэх болсон байна.
Хиймэл оюун ухааны ирээдүй, түүний өдөр тутмын амьдралд үзүүлэх нөлөөний талаар яриа өрнөхөд хүмүүс өөрийнхөө туршлагаас энгийн, ойлгомжтой дүр зургийг төсөөлж, хялбарчилдаг. Янз бүрийн асуултад хиймэл оюун өөрийнхөө хариултуудыг өгч, жаахан эрх чөлөө олговол өөрөө шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхэлдэг. Хэрэв энэ ярилцагч эцэст нь хүмүүсийн хариулж чаддаггүй асуултуудад сайн хариулж эхэлбэл туйлын оюун ухаан гарч ирнэ. Хүн төрөлхтний аврагч эсвэл хорон захирагч.
Хиймэл оюун ухааны хүн төрөлхтний тулгамдаж буй асуудлыг шийдэх чадварын талаар технологийн компаниудын тэргүүн нар байнга өгүүлэх болсныг хүмүүс тэр л дүр зургийн хүрээнд тайлбарлаж, санаагаа зовоож эхэлдэг. Тэд генератив хиймэл оюун хоосон зүйлийг бүтээж, аюултай хариулт өгч эсвэл хортой зуршилд түлхэх чадвартай ч бас мэддэг. Хиймэл оюун нь ухаантай тул олон хүнд буруугаар нөлөөлөх ч аюултай.
2018 онд Google компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичаи “Хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтний бүтээсэн магадгүй хамгийн чухал зүйл байх. Үүний талаар би цахилгаан эсвэл галаас ч илүү гүнзгий утгатай зүйл гэж боддог” гэж хэлэхдээ тэр ухаалаг чатбот гэхээсээ илүүтэй шинжлэх ухааны судалгаа, техникийн дэвшлийн арга зам, хурдцын талаар өгүүлсэн байх.
Харин 2025 онд Google DeepMind компанийн тэргүүн, Нобелийн шагналт Демис Хассабис даргынхаа зөгнөлийг тодорхойлохдоо “Нэг эм бүтээхэд 10 жилийн хугацаа, олон тэрбум ам.доллар шаардагддаг. Үүнийг бид хэдэн сар эсвэл хоног болгох боломжтой”. Тэр чатботын тухай биш харин AlphaFold мэргэшсэн оюун ухааны талаар өгүүлж буй нь энэ. AlphaFold 18 сарын дотор 200 сая уургийн молекулын орон зайн бүтцийг хэлж чадсан. Зөвхөн үүний ачаар антибиотикт тэсвэртэй бактеритай тэмцэх тэмцэл, хумхаа зэрэг халдварт өвчинтэй тэмцэх шинэ аргыг боловсруулахад том үсрэлт хийх боломж олгосон байна. Зөвхөн AlphaFold бус шинэ нээлт хийж буй өөр тоглогчид ч бий.
Хиймэл оюун ухааны шинэ загваруудын хэрэглээний жагсаалтад төрөл бүрийн хорт хавдрыг оношлохоос авхуулаад зүрхний эхо бичлэгийг тайлж унших зэргээр үргэлжилнэ.
Өдгөө бид үр шимийг нь энгийн хэрэглээ болгон ашиглаж байгаа дижитал хувьсгал нь бидний ертөнцийг өөрчилсөөр. Үүнд компьютер, ухаалаг утас багагүй үүрэгтэй. Хүмүүс цахимаар захидал явуулж, чат бичих боломжтой болсон. XXI зууны тав тухтай хэр нь нарийн төвөгтэй ертөнц гаднаасаа үл үзэгдэгч тусгай мэргэжлийн цахим хэрэгсэл, санхүүгийн гуйвуулга, үйлдвэрлэлийг удирдах автомат систем, бичил схемээс барилга, хотууд хүртэлх дэлхий дээрх бүхнийг загварчлах компьютер хэрэгслийн ачаар бий болсон. Эдгээр хэрэгсэл бидний сайн мэдэх нийтийн үйлчилгээнээс тэс өөр ч бидний амьдрал дахь олон зүйлийг тодорхойлж байна.
Өнөө цагийн дижитал ертөнцөд шуудан ч тэр, мессенжер ч тэр чухал үүрэг гүйцэтгэхээ хэдийн больсон. Хиймэл оюун ухаан ч мөн адил. Ирээдүйд чатботууд бидний амьдралд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээ болино. Хиймэл оюун ухааны ирээдүйд өөрийгөө илүү сайн бэлдэхийн тулд хиймэл оюун гэхээр чатботыг төсөөлөх ёсгүй гэсэн дүрмийг л тогтоох хэрэгтэй гэж шинжээчид зөвлөж байна. Генератив загварын асуудал, хязгаарлалтыг аливаа хиймэл оюун ухаан руу чихсэнээр бид аюултай төөрөгдлийг үүсгэж байна.
Сэтгэгдэл ( 0 )