Клубүүдийн ДАШТ-ийн шагналын санг ч, оролцогчдын тоог ч, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо эрс нэмсэн. Тэрбум ам.долларын шагналын сантай гэгдэж буй тус тэмцээнд 32 баг оролцож байна.
АНУ-д Дэлхийн шилдэг клубүүдээс гадна сонирхогчдын клуб ч очоод байна. Энэ бол Шинэ Зеландын “Окланд Сити” юм.
“Манай багт бүх мэргэжлийн хүмүүс бараг бий дээ. Байхгүй мэргэжил байхгүй байх шүү” гээд багийн ахлагч Марио Илич мушилзжээ. Тэр өөрөө Coca-Cola-гийн нэгэн салбарын ажилтан. Багтаа бол ахлагч нь мөн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч юм. Энэ багт үсчин, багш, үл хөдлөхийн ажилтан гээд олон өөр өөр ажил мэргэжилтэй хүмүүс бий. Оюутан ч байгаа.
Мэдээж, ажилтай хүмүүс бүтэн сарын хугацаанд болох тэмцээнд оролцохын тулд ажлаасаа чөлөө авах ёстой болно. Гэхдээ “Окланд Сити”-гийнхэн Германы алдарт “Байерн Мюнхен”, Португалын “Бэнфика”, Аргентины “Бока Хуниорс”-той нэг хэсэгт орсон болохооо хэсгийн тоглолтоо дуусгаад л харих болов уу.
“Би жилийн амралтаа аваад ирсэн. Амралтаа аваад энд ирсэн болохоор гэр бүлээрээ өөр тийш явна гэдэг энэ жилдээ худлаа боллоо” гэж Марио Илич ярьжээ.
Далайн орнуудын Аваргуудын лигт “Окланд Сити” 13 удаа түрүүлсэн аймшигтай хүчирхэг баг шиг хэрнээ Америкт болж буй Клубүүдийн ДАШТ-д бол жижигхэн гүрвэл болж хувирна. Үүнийгээ ч тэд мэдэж байгаа юм байна.
“Бид нэг их том юм бодоод, үүлэн дээгүүр дүүлээд байгаа юм алга. Гэхдээ мөрөөдөл бол байна. Баг бүр хожих л гэдэг. Ямар ч багтай туллаа гэсэн хожих л гэдэг. Энэ удаад хожих их хэцүү гэдгийг мэдэж байна. Бид талбайд гараад чаддагаараа тоглоно. Сайнаараа тоглоно. Хэрвээ бид өөртөө итгэлтэй, зоригтой тогловол алс буйд жижиг улсын сонирхогчдын клубээр дэлхий дахин бахархана шүү дээ” гэж Илич өгүүлжээ.
"Байерн Мюнхен"-"Окланд Сити"-гийн тоглолт УБ цагаар өнөө шөнө 00:00 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )