Хөлбөмбөгийн Европын Аваргуудын лигийн шууд дамжуулалтын хөтлөгчөөр ажилладаг Ева Мурати хэмээх албани бүсгүй өөрт тохиолддог бэрхшээлийн талаар ний нуугүй ярьжээ.
Тэр одоо 29 настай. 12 жилийн өмнөөс буюу 17 настайгаасаа телевизэд ажилласан юм байна. Түүний өгүүлснээр эмэгтэй хөтлөгчдийг хүмүүс өчүүхэн жижиг өөг нь ч анзааран шүүмжилдэг гэнэ.
“Би 17 настайгаасаа телевизэд ажиллаж эхэлсэн. Тэр үеэс л намайг гоочлон доромжилж бас эхэлсэн. Интернэт орчин, сошиал дахь шүүмжлэл, доромжлолтой маш олон удаа тулгарсан. Тэр болгоныг мэдэрч, давж гарсаар одоо би өөрийгөө хэн болохоо харуулсан гэж боддог.
Энэ жилүүдэд миний ойлгож авсан гол зүйл бол хөндлөнгөөс тус дэм хайх хэрэггүй. Өөрөө сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй байх хэрэгтэй. Одоо ч гэсэн хүмүүс намайг өөлж, гоочилж л байдаг. Гэвч үнэндээ одоо бол надад “наалдахаа” больсон.
Ер нь эрчүүдийг алдаа гаргахад хүмүүс шүүмжилдэг ч гэлээ эмэгтэйчүүдийг бол бүр аймшигтай доромжилдог. Мэргэжлийн ур чадвараар нь бус зүгээр л нэг жижигхэн зүйлээс өө олоод л түүнийгээ дөвийлгөөд жигтэйхэн том асуудал шиг гаргаж ирж, шүүмжилж доромжилдог.
Жишээлэхэд, үсээ яаж янзлав, ямар будалт хийлгэв, ямар хувцас өмссөн гээд мэргэжилтэй нь ямар ч хамаагүй зүйлээр шүүмжилж, доромжлох нь элбэг” хэмээн Ева Мурати өгүүлжээ.
Ева Мурати итали хэлээр чөлөөтэй ярьдаг. Тираны Их сургуулийг сэтгүүлзүйгээр төгссөн. Аваргуудын лигийн нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажиллахаас гадна мөн загвар өмсөгч, жүжигчин. Италийн дотуур хувцасны Yamamay брэндийн нүүр царай байсан нэгэн юм.
2016 онд телевизийн ажлаа түр орхиж, гурван ч кинонд тоглоод амжжээ.
Сэтгэгдэл ( 0 )