Иско “Челси”-г хоржоонтойгоор егөөдөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 28


Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-д Польшийн Вроцлавын стадионд Конференц лигийн аваргын төлөө Английн “Челси”-тэй Испанийн “Бетис” тоглоно.

Польшид Английн фанатууд урьтаж очоод түйвээж, үймээн самуун үүсгэсэн тухай мэдээ түгсэн. Харин хөлбөмбөгчид өчигдөр албан ёсоор Вроцлавд газардлаа.

“Челси” Премьер лигийн сүүлчийн тойрогт “Ноттингэм Форэст”-ийг талбайд нь 0:1-ээр хожсоноор дөрөвдүгээр байрт бичигдэж, ирэх улирлын Аваргуудын лигийн эрхээ авчихсан.

Тэгвэл “Бетис”-ийн хувьд лигтээ зургаадугаар байрт орсон. Түүхэндээ анх удаа Европын цомын тэмцээний финалд шалгарч байгаа нь энэ юм. Үүнээс өмнө “Бетис” Испанийн аваргаар нэг удаа шалгарсан ба Испанийн цомыг гурав гардсаны сүүлийнх нь 2022 онд юм.
 


“Бетис”-ийн ахлагч Иско тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр өнөөдрийн өрсөлдөгчөө егөөдөөд амжсан байна. Түүнээс өрсөлдөгчөөсөө юугаараа ялгарч буй талаар асуухад “Сайхан асуулт байна. Ялгарах юм гэвэл мөнгөөрөө л юмуу даа, тэ?” гээд жуумалзжээ. Энэ нь “Челси”-г шинэ эзэн Тодд Боэли нарын зэрэг хүмүүс аваад сүүлийн гурван жилд 1 тэрбум гаруй паунд зарцуулсныг егөөдсөн үгс бололтой.

Үүнийхээ дараагаар Иско наргиа, хоржооноо хойш нь тавьж, “Хэд хэдэн гайхалтай хөлбөмбөгчидтэй хоёр сайн баг хоорондоо тоглох гэж байна. Маргаашийн тоглолт хэн хэнд нь тун чухал. Гэхдээ “Бетис”-ийн хувьд түүхэндээ анх удаагаа Европын цом өргөх боломж олдож буй тул илүү догдолж байгаа болов уу гэж бодно.
 


Итгэл гэдэг бол ялалтын эхний алхам. Хэдийгээр хэцүү тоглолт гэдэг нь ойлгомжтой ч хожно гэдэгтээ итгэж байна. Бид ямар ч багийг хожно чадна гэдгээ харуулсан. Энэ удаад ч хожиж, фанатуудаа баярлуулахыг хүснэ. Фанатууд маань баярлах гавъяатай хүмүүс.

Финал дөхөх тусам “Яах бол? Юу болох бол?” гэсэн бодол улам ойр ойрхон орж ирдэг. Гэвч бид тоглолтдоо л анхаарлаа бүрэн хандуулах хэрэгтэй. “Бетис” анхны финалдаа гарлаа. Түүндээ хожиж, цом өргөнө гэсэн мөрөөдөлтэй гарах болно” хэмээн Иско өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu