Шингэрүүлсэн байгалийн хийн төсөлд оролцуулах хүсэлтэй байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 27

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Япон болон Азийн бусад орныг Аляск муж улсад хэрэгжүүлэх шингэрүүлсэн байгалийн хий олборлох төсөлд оролцуулах хүсэлтэй байна. Энэ нь түүний тооцоолсноор Америкийн худалдааны алдагдлыг бууруулж, зардлыг багасгах юм гэж Японы Yоmiuri сонины нийтлэлд тэмдэглэжээ.

Аляск муж улс дахь байгалийн хийн орд газрын тухай энд яригдаж байгаа аж. Эндээс байгалийн хийн нийлүүлэлт хийхийн тулд орд газраас АНУ-ын баруун эргийн боомт руу хийн хоолой тавих шаардлагатай юм. Уг боомтоос байгалийн хийг Ази руу экспортлохоор төлөвлөж байгаа ажээ. Хоолойн урт нь 1,3 мянган километр бөгөөд барих өртөг нь 6 их наяд иен буюу 44 тэрбум орчим ам.доллар болох юм. Америкийн шингэрүүлсэн байгалийн хийн импортыг нэмэгдүүлэх хэтийн төлөвийг Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба болон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нарын уулзалтын үеэр хэлэлцсэн байна. Yоmiuri сонины тэмдэглэснээр, АНУ-ын засаг захиргаа гаалийн татварын асуудлаар Японы эрх баригчидтай яриа хэлэлцээ хийхдээ дээрх асуудлыг нэг хөшүүрэг болгон ашиглаж магадгүй гэнэ.

Гэсэн хэдий ч Японы худалдааны томоохон компаниуд болон эрчим хүчний салбар Аляскийн төсөл ашигтай гэдэгт эргэлзэж байгаа аж. Уг ордоос 2031 он гэхэд байгалийн хий олборлож эхэлнэ хэмээн төсөлд тусгасан нь хэт өөдрөг төсөөлөл юм гэж Японы нэгэн томоохон компанийн удирдагч хэлсэн байна. Түүнээс гадна валютын ханшны уналтын улмаас төслийн өртөг Японы талд 70 их наяд иен (70 тэрбум ам.доллар) хүрч болзошгүй ажээ. Эрчим хүчний эх үүсвэрийг үнэтэй худалдан авах нь хүн амд очих санхүүгийн ачааллыг нэмэгдүүлэхэд хүргэнэ гэсэн болгоомжлол бас байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu