2024/25 оны улиралд Английн Премьер лигт 29 гоол, 18 гоолын дамжуулалт өгч гялалзсан “Ливерпүүл”-ийн египет тоглогч Мохамед Салах Саудын Арабын клубтэй ярилцаж байснаа хүлээн зөвшөөрчээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Ливерпүүл”-тэй гэрээгээ сунгах хүртэл Салах үлдэх үү, явах уу? гэх Савангийн дуурь олон сарын турш үргэлжилсэн байлаа. Трент Александер-Арнольд унаган багаа орхин, Испанийн “Реал Мадрид”-д үнэгүй очихоор болсон нь “Ливерпүүл”-ийн удирдлагад Салах болон Виржил Ван Дайктай гэрээгээ заавал сунгах шаардлага тулгасан байж мэдэх юм.
“Саудын Арабын лигт очих нь сайхан боломж юм даа гэж би бодож байсан. Хэрвээ “Ливерпүүл”-тэй гэрээгээ сунгахгүй бол тийшээ явъя гэж тооцож байлаа. Одоо ч гэсэн Саудын Арабын клубын тэдгээр хүмүүстэй сайн харилцаатай хэвээрээ байгаа. Намайг авах талаар бодит яриа хэлэлцээр болсон.
Харин “Барселона” болон “Реал Мадрид”-ын хувьд тэднээс юу ч байгаагүй. “Ливерпүүл”-ийн удирдлагыг надтай гэрээ сунгахад фанатуудын оролцоо, шахалт нөлөөлсөн гэж боддог. Яагаад гэвэл би энд найман жилийг өнгөрүүлсэн. Фанатууд намайг үлдээсэй гэж хүсэж буйг би бүр эртнээс мэдэж байсан” хэмээн Салах өгүүлсэн байна.
Египет тоглогч “Ливерпүүл”-ийн төлөө 401 тоглолтод оролцохдоо 245 гоол оруулж, 113 гоолын дамжуулалт өгсөн юм. 2017 онд ирснээсээ хойш Премьер лигт хоёр удаа түрүүлснээс гадна Аваргуудын лиг, Английн Холбооны цом, Супер цом, Европын Супер цом, Английн лигийн цомыг тус тус гардсан. Түүний гэрээ 2027 оны зун дуусгавар болно.
Сэтгэгдэл ( 0 )