Ц.Анандбазарыг эсэргүүцсэн хөлбөмбөгчдийн тэмцэл хаана хүрэх вэ?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 29

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Ананбазарыг өчигдөр (2025.04.28) болсон Их хурлаас сонгосон нь спорт сонирхогчид, олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан хэвээр байна. 

Сонгуулийн үеэрх зарим бичлэгийг харвал хөлбөмбөгийн хүрээнийхэн илт зөрчилдөж, үүд хаалгыг цагдаа, хамгаалалтын албаныхнаар мануулж, “5-10 сая төгрөгөөр хөлбөмбөгөө худалдахаа болиоч ээ!” гэж хашхирах, нааш цааш хулмагнан алхах зарим хүмүүсийн дүр төрх харагдана.

Үүдэндээ тусгай хамгаалалт автлаа сэрэмжилж, болгоомжлохыг бодвол тэнд шижир алттай сэйф байгаа юмуу гэлтэй. Уг нь бол Холбооны ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус Их хурал юм. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн түгээмэл спорт Монголд ямар замаар, хэн хөгжүүлэхийг шийдэх хурал.
 


Монголын хөлбөмбөгт 20 гаруй жил зүтгэж, одоо ч шигшээ багаа ахлаж яваа Х.Цэнд-Аюуш Ц.Анандбазарыг хөлбөмбөгт оролцоогүй, өмнө нь ойроос огт харж байгаагүй гэж манай сайтад өгсөн ярилцлагадаа хэлж, хөлбөмбөгт сэтгэлээ зориулах, зүтгэж чадах хүнийг сонгоосой гэж хүсэж буйгаа илэрхийлсэн. (Ярилцлагыг ЭНД дарж унших)
 


Зөвхөн Х.Цэнд-Аюуш ч бус эмэгтэйчүүдийн шигшээгийн тоглогч А.Алтантуяа өчигдөр сошиал хаягтаа мөн Ц.Анандбазарыг Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд шигшээ болон бусад тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үүгээр ч зогссонгүй. Монголын шигшээ багийн түүхэн шилдэг мэргэн бууч Н.Наранболд энэ тэмцэлд нэгдэж, санаа нийлж буйгаа мөн илэрхийллээ.
 


“Монголын Үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Н.Наранболд миний бие өнөөдрийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчийн хууль бус, худалдагдсан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх тул цаашид болох Лигийн тоглолтод оролцохгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. Тамирчидаа зорилгодоо үнэнч, эхлүүлсэн ажилдаа тууштай байхыг хүсэж байна” хэмээн фэйсбүүк хаягтаа бичжээ.
 


Мөн Монголын шигшээ багийн довтлогч О.Мижиддорж “Бүх багууд мөн заалны дээд лигийн бүх баг, тамирчдадаа үргэлжлүүлэн тэмцэж, тоглолт хаяж байгаа шийдвэртээ бат зогсоорой гэж гуйж байна. Тамирчин байхгүй бол Холбоо дангаараа юу ч биш шүү дээ. Одоо л тамирчид бид нэгдэн нийлж, нэг зорилго тэмүүлэлтэй байх нь хамгаас чухал шүү. Манайхаан, эцсээ хүртэл энэ тэмцэлдээ үнэнч байгаарай” гэж уриалжээ.
 


Шигшээ багийн ахлагчаар тоглож байсан, Тоглогчдын Холбооны тэргүүн Д.Төрбат “Маргаашнаас тэмцлээ илүү хурц хэлбэр рүү оруулна!!! Өнөдөр нэгдэж, дэмжиж, гар бие оролцож, үзэл бодол, дуу нэгтэйгээр хамт байсан залуучууд, дүү нар, ах нартаа баярлалаа...” хэмээн өгүүлжээ.
 


Шигшээ багийн залуу тоглогч А.Содмөнх мөн нэгдэж буйгаа илэрхийлэн “Надтай адил олон тамирчид, дасгалжуулагчид сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, тэмцээн уралдаанд оролцохгүй гэсэн шийдвэр гаргасныг дэмжиж, миний бие ч мөн адил энэхүү зарчимч байр суурийг хүлээн зөвшөөрч, бат зогсож байна” гэжээ.

Энэ мэтчлэн шигшээ багийн буюу Монголын өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчид сонгуулийн дүнг эсэргүүцэн, тэмцлээ үргэлжүүлэх тухай мэдэгдсээр байна. Тэмцээн уралдаанд оролцохгүй байна гэдэг хөлбөмбөгчдийн цалин тасалдах, эргээд амьдралд нь нөлөөлөх ч гэлээ Монголын хөлбөмбөгийн ирээдүй, хөлбөмбөгт дуртай хүүхэд, залуусын төлөө хийж буй шударга тэмцэл гэж мэдэгдэж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.91.145) 2025 оны 04 сарын 30

энэнэг шунал одоо бас хөл бөмбөг рүү

0  |  0
Бат(103.57.92.210) 2025 оны 04 сарын 29

Нөгөө талд ялагдсан нөхрийн хатгалгаар Батзаяа гэх мэт

0  |  0
S(103.212.117.200) 2025 оны 04 сарын 29

SEKSDI BOOW XXNO80955877

0  |  0
kkk(66.181.181.49) 2025 оны 04 сарын 29

anandbuzar gj buzariin huur ym aa. uhej dald oroosoi zda

0  |  0
Close menu