Карло Анчелотти Дэлхийн таван удаагийн аваргуудад туслахаар болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 29


Хөлбөмбөгийн ертөнцөд тун сонирхолтой нэгэн томилгоо болоход ойртоод байна. "Реал Мадрид” энэ улиралд Аваргуудын лигээс харьцангуй эрт хасагдаж, мөн хэдхэн хоногийн өмнө Испанийн цомын финалд “Барселона”-д 3:2-оор хожигдсоноор дасгалжуулагч Карло Анчелотти ажлаа өгөх нь бараг тодорхой болж байна.

Энэ боломжийг Бразилын Хөлбөмбөгийн Холбоо овжин ашиглаж, Винисиус, Родриго болон “Вальядолид”-ын эзэн домогт Роналдо нараар лоббидуулахын зэрэгцээ мөн маш өндөр цалин амласнаар Дон Карлогоор шигшээ багаа удирдуулах талаар тохиролцоонд хүрч байгаа бололтой.
 


65 настай ч гэлээ Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдын тоонд зүй ёсоор нэрлэгдэх Анчелоттиг алдахгүйн тулд зургаадугаар сарын эх гэхэд шигшээ багийнхаа торгон жолоог атгуулчихсан байхыг эрмэлзэж, яриа хэлэлцээрийг шуурхайлж эхэлжээ. Клубүүдийн ДАШТ-ээс өмнө гэхэд томилгоог хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Бразилын шигшээ баг өнгөрсөн гуравдугаар сард Аргентинд 1:4-өөр гутамшигтайгаар хожигдсон. Үүний дараагаар дасгалжуулагч Доривалыг шууд халсан. Одоогоор ДАШТ-ий Өмнөд Америкийн урьдчилсан хэсэгт Уругвай, Парагвайн шигшээтэй адил 21 оноогоор 4 дүгээр байрт бичигдэж байгаа билээ.

Сүүлийн жилүүдэд Бразилд сайн дасгалжуулагч гарч ирээгүй. Тиймээс гадаад дасгалжуулагч томилохоос өөр аргагүй байдалд орсон гэж хэлж болно. Роналдо Бразилын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлахдаа Дон Карлог шигшээ багийн дасгалжуулагчаар авчрахаар төлөвлөсөн тухай мэдээ хэдэн сарын өмнө түгэж байлаа. Мөн Родриго, Винисиус нарын зэрэг “Реал Мадрид”-ын хөлбөмбөгчид Анчелоттиг шигшээ багийнхаа дасгалжуулагчаар ажиллуулахыг хүсдэг тухайгаа жил гаруйн өмнөөс ярьж хэлэх болсон нь ийнхүү биеллээ олоход ойртлоо.

Бразилын зургаадугаар сарын 4-нд Эквадортой, мөн сарын 9-нд Парагвайтай чухал тоглолт хийх юм.
 


Харин Испанийн "Реал Мадрид"-ын хувьд Шаби Алонсог ахлах дасгалжуулагчаар томилох магадлал өндөр байгаа бололтой. Германы "Байер Леверкузен" Шаби Алонсотой өнгөрсөн зун жентельмэний тохиролцоо хийсэн гэж байгаа. Энэ нь хэрвээ Шаби Алонсо өмнө нь тоглож байсан аль нэг багтаа очиж дасгалжуулагчаар ажиллахыг хүсвэл ямар ч саад хийхгүй явуулна гэсэн тохиролцоо юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu