Шууд л түүхэн амжилтаас эхэлье. Уэльсийн “Рэксхэм” клуб сүүлийн гурван жил дараалан лиг ахисаар, ирэх улиралд Чемпионшипт өрсөлдөхөөр боллоо. Өмнө нь Английн дээд таван дивизионы түүхэнд гурван жил дараалан лиг ахисан клуб байсангүй.
“Рэксхэм”-ийнхэн өчигдөр “Чарльтон”-ыг 3:0-ээр бут ниргэж, түүх бүтээхийн өмнөхөн клубын эзэн, холливудын од Райан Рэйнольдс хэсэг фанатуудтай хамт хэдэн грушик шар айраг “цөлжээ”. Тоглолтын дараа хэдийг ч нэмж “далд оруулсан юм” бүү мэд. “Рэксхэм” бол Райан Рэйнольдс болон Роб Макэлхэнни нарын эзэмшил. Ахлах дасгалжуулагч нь Фил Паркинсон, харин ахлагч нь өөрийгөө аутизмтай гэдгээ зарласан Жэймс Маклин. Энэ ирланд хөлбөмбөгчийг хөлбөмбөгийн хорхойтнууд андахгүй дээ.
Райан Рэйнольдс дээшээ ахисан гайхамшигтай сайхан амжилтаа үзэсгэлэнт амраг Блэйк Лайвлигаа үнсэж тэмдэглэв. Дараа нь “Эхнээсээ л зорилго маань Премьер лиг байсан” гэж фанатуудад хэллээ. Өөрөөр хэлбэл, одоо нэг ахихад л зорилгодоо хүрнэ.
Жэймс Маклин баярлан дэвхцэх фанатуудтай багийнхнаа сүлэлдэн уусахыг харж зогсохдоо “Энийг одоо яг ямар үгээр илэрхийлж болох вэ? Манай баг зүгээр нэг баг биш. Багийн бүрэлдэхүүн, клубын удирдлага, фанатууп, за тэгээд гэр бүл, эргэн тойрныхон, клубын ажилтнууд бид бүгдээрээ нэг цул. Ямар гайхалтай сайхан эв нэгдэлтэй гэж бодно. Яг л маш сайн тосолсон машин шиг ажиллаж чаддаг юм” хэмээн бахархан өгүүлжээ.
Ахлах дасгалжуулагч Фил Паркинсоны хувьд сүүлийн 20 жилд 6 дахь удаагаа багаа дээд лиг рүү гаргаж байна. Хашир туршлагатай, сэтгэл хөдлөлөө барьж чаддаг энэ эр өчигдөр догдолж буй нь нүднээ ил байжээ.
Нэгдүгээр лигт “Бирмингэм” хол тасархай түрүүлсэн. Тэдний дараагаар “Рэксхэм” 12 774 үзэгчийнхээ өмнө ялалт байгуулж, яг л эзэд шигээ холливудын замаар галзуу хурдлан дээшилсээр байна. Гэхдээ Чемпионшип лиг бол амаргүй өрсөлдөөн. Тэгээд ч “Рэксхэм” харьцангуй нас ахимаг баг. Тиймээс бүрэлдэхүүний том өөрчлөлт хийх их ажилтай зун хүлээж байгаа. Гэвч энэ бол зуны л ажил. Харин өнөөдөр бол тэдний баярлаж, бахархах өдөр юм.
Сэтгэгдэл ( 0 )