Испанийн “Барселона”-гийн түүхэнд Луиш Фигу “Реал Мадрид” руу шууд явсан удаа бий. Шарсан гахайн толгойгоор шидүүлж, хараал зүхлийн бай болсон Луиш Фигугаас хойш ийм замаар шууд явахаар зүрхэлсэн бухын зүрхтэн үгүй юм. Тэгвэл 2005 онд Роналдиньо ийм замыг сонгож, хариугүй явахын даваан дээр нэгэн зүйлээс болж эргэж буцсан түүхийг Андрес Иньеста хуваалцжээ.
"2005 онд Эль-Класикогоос ердөө гуравхан хоногийн өмнө шөнө дунд Диньо /Роналдиньо/ над руу залгаж байна. Би жаахан гайхшран утсаа автал “Андрес, шөнийн 3 цаг болж байгааг би мэдэж байна аа. Гэхдээ нэг зүйл хэлэхгүй болохгүй нь. Энэ зун би “Барселона”-гаас явахаар боллоо. Ах маань “Реал Мадрид”-тай гэрээ байгуулахаар ярилцаж тохирчээ. Цалин пүнлүү, урамшуулал гэж итгэхийн аргагүй их тоо болохоор би татгалзаж чадсангүй. Чи залуу хүн, намайг ойлгох байлгүй дээ. Клуб болон багийнхан дунд энэ талаар юу ч битгий яриарай гэж гуйя. Чамд л хамгийн их итгэдэг болохоороо хэлж байгаа юм шүү. Тайван амар даа, Андрес” гэчихээд утсаа тасалчихлаа.
Надад бүр хариуд нь ганц хоёр үг ч хэлэх боломж олголгүй шууд тасалчихав. Маргааш нь клубын бэлтгэлийн талбайд очтол тэрүүгээр анир чимээгүй ноёлж байв. Бүгдээрээ л Роналдиньог тэвэрсэн ч гэлээ нүд нь нэг л гунигтай, хачин уур амьсгалтай байцгаана.
Ингээд Эль-Класикотой өдөртэй золголоо. “Сантьяго Бернабеу”-гийн хувцасны өрөөнд сууж байтал Диньо “Залуус аа, бид өнөөдөр маш хүчтэй өрсөлдөгчтэй тулах болно. Их ч чухал тоглолт. Гэхдээ би сүүлийн хэдэн өдөрт хэдүүлээ нэг гэр бүл юм байна гэдгийг ойлголоо. Та нар руу бүгд рүү нь шөнө залгаад зун явахаар болсноо дуулгахдаа мөн хэнд ч хэлэхгүй байхыг гуйсан. Та нар хэнд ч, юу ч хэлсэнгүй. Миний гуйлтыг биелүүллээ. Үүнийг тань хараад би анд нөхрөөсө урваж байхаар дотроо үхсэн минь дээр гэж бодлоо. Би энд дахиад олон жил тоглоно оо. Харин одоо талбайд гараад, мадридчуудад яаж тоглодгийг заагаад өгье” гэж билээ.
Тэр тоглолтод Диньо дубль хийж, бид 3:0-ээр хожсон. Диньог талбайгаас гарахад цагаан өнгийн өмсгөлтэй фанатууд хүртэл босож, алга ташиж билээ” хэмээн Андрес Иньеста дурсан ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )