Аваргуудын лигийн алдартай дууллыг андуурч, тоглогчид жуумалзав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 16

Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрвөн багийн хоёр нь өчигдөр тодорлоо. Энэ нь Францын аваргаар 13 дахь удаагаа тодроод тун удаагүй байгаа “Парис Сэн Жэрмэйн”, мөн Испанийн “Барселона” юм.

Парисын клубын хувьд шөвгийн наймын эхний тоглолтдоо Английн “Астон Вилла”-г талбайдаа 3:1-ээр хожсон давамгайлалтайгаар “Вилла Парк”-д зочилсон. Хэдийгээр Бирмингэм хотын баг фанатуудынхаа өмнө өрсөлдөгчөө 3:2-оор хожсон ч гэлээ хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:5-аар ялагдаж, тэмцээнийг орхилоо.

Тус тоглолтын өмнө “Вилла Парк”-т хоёр багийнхан жагсан гарч ирж, ханхүү Уильямс хайртай багаа дэмжихээр догдлон суухад Аваргуудын лигийн алдартай дууллыг эгшиглүүлэхийн оронд Европа лигийн дууллыг андууран тавьж, эвгүй байдалд оруулсан байна.

Францын клубын Витинья инээмсэглэн багийнхантайгаа энэ талаар ярилцаж, “Астон Вилла”-гийн Кэш, Тилеманс, Конса нар ч жуумалзаж, инээд нь хүрч ядан буйгаа дэлгэцний өмнө нууж чадсангүй. Харин стадионд цугласан олон мянган үзэгч эгдүүцэн дургүйцэж буйгаа илэрхийлжээ.

Amazon Prime-ийн тайлбарлагч Жон Чампион дууллыг андуурч тавихыг сонсоод “Бидний хүлээсэн дуулал биш л байна даа” гэснээ дараа нь засаж зөв болгоход “Хожуу ч гэсэн яахав дээ” гэжээ.

Шөвгийн наймын нөгөө хос нь “Барселона”-“Боруссиа Дортмунд” байлаа. Каталоны нэр алдрыг өргөгч клуб эхний тоглолтод 4:0-ээр бут ниргэсэн учир энэ удаад маш муу тоглохгүй л бол дараагийн шатанд гарах нь тодорхой болчихсон байв. Довтлогчийн авъяас чадвараа харьцангуй хожуу ч гэлээ гялалзтал харуулж буй Дортмундын Серү Гирасси хет-трик хийсэн ч 3:1-ээр хожсон нь шөвгийн дөрөвт гарахад хүрэлцсэнгүй.

Өнөө шөнө Аваргуудын лигийн шөвгийн дөрөв бүрдэх учиртай. “Интер”-“Байерн Мюнхен”, “Реал Мадрид”-“Арсенал” гэсэн маш сонирхолтой хоёр тоглолтыг хөлбөмбөгийн хорхойтнууд хүлээж байна. Хоёр тоглолт зэрэг 03:00 цагаас эхэлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top