УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох ”Нүүрсний” гэх хэргийг өчигдөр /2025.02.03/ анхан шатны шүүхээр дахин хэлэлцлээ. Тус хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024 оны гуравдугаар сард болж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж байв. Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн оны есдүгээр сарын 25-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаж байв.
Мөн шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ гээд хэргийг дахин хэлэлцэхээр болсон нь энэ юм.
Үүний өмнө шүүх хурлыг хийхээр болсон ч хяналт тавьж байгаа прокурор шүүх хуралдаан давхацсан хэмээх үндэслэлээр хойшлуулж, ийнхүү өчигдөр 10.00 цагаас хуралдаан боллоо.
Энэ үеэр шүүгдэгч Б.Энх-Амгалан өгсөн мэдүүлэгтээ “Тавдугаар сарын 3-ны өдрийн тушаал яагаад нүүрс тээвэрлэх сонирхол бүхий болчихсон юм бэ. Замын ангид шилжүүлсэн болохоос би тээвэр хийх тушаал гаргаагүй. Түр эзэмших эрх олгосон тушаал ямар давуу байдлыг тэр компанид үүсгэсэн юм бэ. Би энэ хэрэг дээр их гайхаж байна. З.Энхболд гэдэг хүнтэй би танил биш. Худ ураг, нэг нутаг ус, нэг намын хүмүүс биш. Нэг газар ажиллаж байгаагүй. Ах дүү, найз нөхдийн холбоогүй. Энэ хэргээс өмнө огт таньдаггүй байсан. Гэтэл гэнэт бие биесээ таньдаггүй хүмүүс үгсэн хуйвалдаад, гэмт хэрэг үйлдэж, эрх мэдлээ ашиглан тушаал гаргасан юм шиг хэргийн материал бүрдүүлсэнд маш их харамсаж байна.
Шүүгдэгч З.Энхболд “Нүүрсний хэрэг гэдэг эхлэхдээ 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас мэдэгдэл хийж, УИХ-ын нэр бүхий гишүүн, сайд нарыг байцаасан. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр нүүрсний биш хэргээр ял авч, бусдынх нь хэрэг хэрэгсэхгүй болсон. Одоо нүүрсний хэргээс цор ганц шүүх хурал нь үргэлжилж байгаа нь би юм. Хоёр жил хагасын өмнө хэлсэн Ш.Раднаасэд гишүүний үг үнэн гэдэг нь жил ирэх тусам батлагдаж байгаа. Нүүрсний 44 их наядын хулгай Төрийн ордноос гарах ёстой. Гудамжинд яваа Б.Энх-Амгалан, З.Энхболд нараас гарахгүй. АТГ-ын Даваатогтох 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд надад хэрэг үүсгэж, Энх-Эрдэнэ нь 2023 оны гуравдугаар сарын 13-нд хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан байдаг.
Хамгийн сонирхолтой нь Энх-Эрдэнэ прокурор хариулахгүй зугтааж байгаад гуравдугаар сарын 22-нд нэг хэрэг үүсгэсэн тогтоол байгаа. Энэ тогтоолоос 2023 оны есдүгээр сарын 22-ны яллах дүгнэлт анхан шатны шүүхээр орж, анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Түүнтэй нийслэлийн прокурор заргалдаж, УДШ-ээр хэлэлцэж, үл хэрэгсэж, давж заалдах шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэсэн. Одоо бид энэ хурлаа хийж байна. Тэгэхээр энэ бол 100 хувь улс төрийн хэрэг байна.
Нүүрсний хэргээр яллах гээд бүтээгүй учраас Б.Энх-Амгалан сайд асны тушаалд нөлөөлсөн байж болзошгүй гэж намайг оролдож байна. Нэгд, Улс төрд нөлөө бүхий этгээдийн тодорхойлолтыг Эрүүгийн хуульд тусгаж, тайлбарлахад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаал байхгүй. Гэтэл хоёр нөхөр байгаа гэж маргасаар байгаад анхан шатны шүүхийн шийдвэр гаргуулсан. Хоёрт, замын эрх авч байгаа компанитай намайг холбосон. Улсын хоёр яллагч хоёулаа худлаа ярьж байна. Энэ хоёр прокурор фэйсбүүкийн мэдээлэл дээр үндэслэж, ялласан. Би Б.Энх-Амгалан сайд асантай анхны шүүх хурал дээр танилцаж, утсаа солилцсон. Миний УИХ-ын даргын хамгаалалт буугаагүй байсан үе, явсан бүх газар төрийн тусгай хамгаалалтын журнал дээр бичигддэг. Тухайн үед энэ хүнтэй очиж уулзаж байгаагүй. Замын эрх өгөөч гэж гуйж байгаагүй. Хамаарал бүхий гээд ямар нэг холбоос гаргаад хоёр хүнийг холбож авч ирээд суулгачихвал Монголын бүх дарга шоронд орох болно” гэлээ.
Д.Цэцэглэн
Сэтгэгдэл ( 0 )