П.Очирбат: Улсынхаа аюулгүй байдлыг цөмийн зэвсэгтэй таван гүрнээр баталгаажуулах нь хамгийн найдвартай арга байсан

2025 оны 01 сарын 23

БНМАУ-ын эхний бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан 2020 онд хийсэн ярилцлагын эхний хэсгийг эргэн сануулж, түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн хүргэж байна. Энэ ярилцлагад тэрээр АНУ, Япон, БНСУ зэрэг “хөрөнгөтөн” хэмээх тодтоголтой байсан оронтой харилцааны эхний шанг хэрхэн татсан, цөмийн зэвсэгтэй орнуудаар Монголынхоо аюулгүй байдлыг хангах талаар яаж зөвшөөрүүлсэн, монгол ёсоор анх хэрхэн наадам нээсэн, үзмэрч Ч.Дашцэрэнг яагаад дэргэдээ авсан, “Бар улс”, “Тансаг ёолк” зэрэг үгийг ямар утгаар хэлсэн, МАН-аас нэр дэвшиж яваад ямар шалтгаанаар Ардчилсан хүчнээс нэр дэвшин Ерөнхийлөгч болсон талаар тодорхой ярьсан билээ.

 

ЭЦЭГ Ж.БУШ “БИ МОНГОЛЫН ТУХАЙ МЭДЭХ ГЭСЭН БҮХНЭЭ СОНСЛОО, ИХ БАЯРЛАЛАА” ГЭСЭН

 

-Та эхний удаа 1990 онд Ардын Их Хурал /АИХ/, Улсын Бага Хурал /УБХ/-аас БНМАУ-ын эхний бөгөөд сүүлийн цор ганц Ерөнхийлөгчөөр, дараа нь бүх нийтийн сонгуулиар 1993 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон сонин содон түүх, намтартай хүн. Анх таныг сонгоход Үндсэн хууль хуучнаараа, БНМАУ-ын үеийнхээрээ байсан. Тэнд Ерөнхийлөгч гэсэн албан тушаал байхгүй. Яг ямар хуулиар Ерөнхийлөгчтэй байна гэж тогтсон юм бэ?

-Монгол Улсад 1990 оны гуравдугаар сараас төрийн тогтолцоо шинэчлэгдэж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлтийн хууль боловсруулж, батлуулж байлаа. Түүгээр 1960 оны Үндсэн хуульд нэмэлт оруулсан хэрэг. Тэр нэмэлтээр Монгол Улсын төр, засаг нь Их, Бага Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн бүтэцтэй байна гэж баталсан юм.

-АИХ-аар түүнийг баталсан уу?

-Тэгсэн. 1990 оны тавдугаар сарын 10-нд тийм хууль баталж, тэр дагуу долоодугаар сарын 29-нд Монголд анхны ардчилсан сонгууль боллоо. Тэр сонгуулиар шинээр бүрдсэн АИХ анхдугаар чуулганаа хийгээд Улсын Бага Хурал /УБХ/-ыг байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа батлаад, төрийн цоо шинэ тогтолцоо бүрэлдэн тогтсон доо. Парламент маань АИХ, УБХ гэсэн хоёр танхимтай байлаа шүү дээ.

-Таныг өрсөлдөгчгүйгээр шууд Төрийн тэргүүнээр сонгосны учир юу билээ?

-1990 оны гуравдугаар сард төр, засагт өөрчлөлт орсны дараахан мөн сарын 23-ны өдөр намайг АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу тухайн цагийн Төрийн тэргүүнээр сонгож, есдүгээр сар хүртэл тэр албан тушаалд ажилласан юм. Олон намын тогтолцоотой болоод байсан үе л дээ. Улс төрийн намууд буюу тэр үеийн МАХН, МоАН, МСДН, МҮДН бүгдээрээ дэмжиж, санал гаргаж АИХ-ын депутатууд намайг БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр 1990 оны есдүгээр сарын 3-нд сонгож байлаа.

-Ерөнхийлөгчийн хувьд таны хамгийн анх хийсэн ажил юу байв?

-УБХ-аас БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комисс байгуулж шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажилд шууд орсон. 1990 оноос энэ ажил эхэлж тасралтгүй явсаар 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсан юм. Өнгөрсөн 30 жилийг зарим хүмүүс “Нэгэн жарантай тэнцэх түүхийн хором” ч гэж нэрлэдэг. Үнэхээр тийм.

Бас би АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдсоноосоо хойш гадаад харилцааг шинээр өргөжүүлэхэд анхаарч, өмнөд хөрш БНХАУ-д айлчилж, Монгол, Хятадын харилцааг сэргээн хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн дээ.

-Хэдэн жилийн дараа сэргээсэн нь тэр вэ?

-Бараг гучин жилийн дараа. Ю.Цэдэнбал дарга 1962 онд Хятадад айлчилж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энлай тэр хоёр Монгол, Хятадын хил тогтоосон баримт бичигт гарын үсэг зурсан байдаг. Түүнээс хойш Монголын талаас айлчлал байдаггүй юм. Тэгээд 30 жил завсарласан харилцааг сэргээж, “Монгол Улс ардчилал, зах зээлд шилжиж байна. Хөрш орнуудтайгаа хэрэгжүүлж байсан урьд өмнөх хэвийн харилцаагаа үргэлжлүүлнэ” гэсэн зүйл ярьж, цаашдаа Монгол-Хятадын харилцааны талаар 1960 онд байгуулсан гэрээгээ шинэчилж, шинэ нөхцөл байдалд хоёр орны харилцааг тодорхойлсон баримт бичиг, гэрээ байгуулах нь зүйтэй юм” гэж тохирч байлаа.

Тэр жилдээ ЗХУ-д айлчилж Монголын ардчилал, өөрчлөлт, шинэчлэлтийн талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар М.С.Горбачевтай ярилцаж байсан.

-Бас Японд айлчилж, Акихитог хаан ширээнд өргөмжлөх ёслолд оролцсон байдаг...?

-Эзэн хааныг ширээнд залах ёслолд оролцож, тэр үеэрээ Японы Ерөнхий сайд Кайфутай уулзаж хоёр орны харилцааны асуудлыг хэлэлцэж, ардчиллын талаар ярьж танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг ярьж тодорхойлж явлаа.

-Ерөнхийлөгч болоод АНУ-д хийсэн анхны айлчлал хоёр талын цаашдын харилцааны эхлэлийг тавьсан шүү дээ?

-АНУ-д 1991 онд очиж Ерөнхийлөгч Ж.Буштай /эцэг/ уулзаж, яриа хэлцэл хийж, Монгол Улсын ардчиллын тухай танилцуулсан даа.  Ерөнхийлөгч Ж.Буш Монгол Улс ардчиллын замаар хөгжих эхлэл тавигдаж байгаад талархалтай хандаж байгаагаа хэлсэн. Монгол-АНУ-ын улс төр, эдийн засгийн харилцааг ер нь хэрхэн хөгжүүлэх вэ, Монголыг АНУ-д шинээр ойлгуулахад ямар чиглэлээр ажиллах вэ гээд энэ бүгдийг ярьж, Монголд ардчиллыг хөгжүүлэхэд АНУ-ын дэмжлэгийг авах талаар ярилцаж, хоёр талын Хамтарсан мэдэгдэл гаргасан нь эхний амжилт юм. Тэр айлчлалын далимд бид Дэлхийн банк, ОУВС-гийнхантай ч уулзаж, Монгол Улсыг эдгээр байгууллагын гишүүн болгож элсүүлэх талаар ярилцсан. Улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн л дээ.

Үүнээс өмнө манай улс хязгаарлагдмал, социалист системийн ганц хоёрхон орны эдийн засгийн харилцаан дээр түшиглэж, ерөнхийдөө нэг орноос хамааралтай байлаа шүү дээ. Тийм учраас цаашдаа олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах шаардлага тулгарсан л даа.

Би АНУ-д нэгдүгээр сард айлчилсан юм. “Хоёрдугаар сард Монголын Цагаан сар гэж үндэсний том баяр болдог. Түүнээс өмнө Дэлхийн банк, ОУВС-д элсүүлээд авчихвал бид баяртай байх болно. Цаг хугацаа их шахуу байна” гээд л учирлаж байлаа. Ардчилалд дөнгөж хөл тавьсны дараах анхны айлчлал учраас Монгол Улс чухам хаашаа явах гэж байна вэ. Эднийх чинь социалист, коммунист орон байсан. Үүнээсээ гараад ардчиллын зам руу орох нь хэр зэрэг баталгаатай, найдвартай юм бол гэдэг дээр цаад тал бас зарим зүйлийг тодруулах сонирхолтой байсан юм шиг байна лээ. Энэ бүхнийг эцэг Ж.Буш сонссоныхоо дараа “За би Монголын тухай сонсож мэдэх гэсэн бүх зүйлээ танаас сонсож мэдлээ. Их баярлалаа. Танайх ардчиллын зөв замыг сонгож гарч ирж байгаа юм байна. Бид дэмжинэ. Бүх талын хамтын ажиллагаагаа дэмжиж, цаашид хамтарч ажиллана” гэсэн дээ.

Бид тухайн цагтаа АНУ, Японыг “империалист, капиталист” гэж шүүмжлээд, нөхөр гэхээсээ дайсан гэх нь илүү хандлагатай байсан улс чинь түүнээсээ гараад найрсаг харилцаа хөгжүүлэх, хамтарч ажиллах талаар ярихаар тэдгээр улс орны удирдагчид их олзуурхаж, дэмжиж хандаж байсан даа.

-1990 оноос өмнө манай талаас АНУ-тай хэр харилцаж байсан юм бол?

-НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох далимаар дарга нар АНУ-ын талтай уулзаж ярилцах тохиолдол байсан. НҮБ-д улсаа элсүүлэх гэж Ю.Цэдэнбал дарга 1940-өөд оны сүүлээр АНУ-д нэг очсон ажил бий. Тэр үедээ дэмжлэг сайн авалгүй буцаж ирж байсан юм билээ. Төрийн тэргүүний айлчлал гэх юм бол миний хийсэн айлчлал анхных юм.

-Та Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд 1990 оноос өмнөх Ардын армийг шинэ нөхцөлд зохицуулж өөрчлөх талаар ямар ажил хийж байв?

-Тухайн үед Монголын Зэвсэгт хүчин ЗХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарч, Монголд Зөвлөлтийн цэргийн том хүчин байрлаж байлаа. Ардчилал эхэлсний дараа Зөвлөлтийн цэрэг Монголоос гарч, Монгол Зэвсэгт хүчнээ цомхотгож, цөөн хүнтэй мэргэшсэн армитай байх асуудал гарч ирлээ. Хуулинд бол Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэсэн заалттай. Хамгийн гол нь тэр үед армийн бие бүрэлдэхүүнийг цөөлж цомхотгох чиглэлээр бодлого явуулсан.

 

УГ НЬ 45-ЫН ГУТАЛ ГЭДЭГ НЬ ОРОСЫН ГАЙГҮЙ САЙН ГУТАЛ, 700-ГИЙНХ НЬ ИТАЛИ ДЭГЖИН ГУТАЛ БАЙХГҮЙ ЮУ

 

-Таны орон нутгийн анхны томилолт Сэлэнгэ аймгаас ширүүхэн эхэлсэн шүү...

-Ардчиллын мөн чанарыг олон түмэнд ойлгуулах, таниулах, өмнөх нийгмийн үеийн зарим асуудлаар тайлбар өгөх зэрэг зөрчилтэй уулзалтууд бишгүй болдог байлаа. Сэлэнгийн Сүхбаатар хотоор явахад байдал хүндхэн, хүнсний барааны хомсдол үүсчихсэн, тиймэрхүү л байсан үе. Хүнсний дэлгүүрийн лангуун дээр толгой, цувдай л байна. Хүмүүс “Махны төрлийн зүйл байхгүй, идэх юм алга” гэж шүүмжилцгээнэ. Би тэдэнд “Энэ толгой, шийрийг хуйхлаад идэхэд сайхан л хоол болдог шүү дээ. Монголчууд хэзээнээсээ хоол хүнсэндээ хэрэглээд ирсэн, таван цулын шөл гээд тансаг талын хоолонд тооцож, дээдэлж ирсэн” гэх жишээний юм ярихад иргэд “Тураг мах алга. Толгой, цувдай ид гэж байгаа юм уу” гэж эмзэглэнэ. Тийм л цаг байлаа.

-“Төрийн төмөр нүүр” гэж хэлдэг чинь тэр үед бил үү?

-Хувцас хунар хомс байгаа талаар яриа болж, 45-ын гутлын тухай яриа гардаг байхгүй юү. Тэгэхээр нь би “Хүмүүс хэрэгцээгээрээ л болно шүү дээ. 45-ын гутал өмсөх нь өмсөнө биз. 700-гийн гутал өмсөх бололцоотой нь түүнийгээ нь өмсөнө л биз” гэхээр иргэд “Бидэнд ялгавартай хандлаа” гэсэн яриа гаргасан л даа. Уг нь 45-ын гутал гэдэг нь оросын гайгүй сайн гутал, 700-гийнх нь итали дэгжин гутал байхгүй юу. Дундаж цалин 300-400 төгрөг байсан цаг. Тэрнээс л тэр “Төрийн төмөр нүүр харуулах гэлээ” гэсэн яриа гарсан хэрэг.

-Шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталж та уг эх дээр нь гарын үсгээ зурсан. “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой” гээд...

-Тэгж гарын үсэг зурсан нь нэг хэрэг. Хамгийн гол нь Үндсэн хуулийг боловсруулж батлуулах ажлыг зохион байгуулах комиссыг би тэргүүлсэн. Өмнө нь Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг боловсруулах зэрэг бүх үйл ажиллагаанд хуульч Б.Чимид бид байнга хамт ажиллалаа шүү дээ. Энэ хуулиудын эхийг барьсан, жинхэнэ үзэг цаас нийлүүлж, анхны зам мөрийг нь гаргаж, төсөл бичиж боловсруулсан хүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хуульч Б.Чимид юм. Олон намын төлөөлөл оролцож, хуульчид, улстөрчид, эрдэмтэд нэгдэж байж Үндсэн хуулиа боловсруулсан юм.

УБХ-аар гурван ч удаа хэлэлцэж, нэмж, өөрчилж, хасаж сайжруулж, бүх ард түмний санал авч, хэлэлцүүлсэн.

-Иргэд түүнд маш идэвхтэй оролцсоныг санаж байна...

-Иргэдээс 40 мянга гаруй санал ирсэн. Түүнээс дийлэнхийг нь Үндсэн хуулийн зүйл ангиудад шигтгэж оруулсан. Маш өргөн хэлэлцүүлэг болж, 60 гаруй хоног өдөр шөнөгүй шахам АИХ-аар хэлэлцэж байж шинэ Үндсэн хуулиа баталсан шүү дээ. Их чамбай сайн хууль болсон гэж үздэг. Хүний эрх, эрх чөлөөний тухай заалтууд гол улаан шугам нь байсан.

 

МОНГОЛ ЁСООР НААДМАА АНХ НЭЭХЭД УЯХАН ЗАРИМ НЬ НУЛИМС ГАРГАЖ БАЙСАН ГЭЖ ЯРИХ ЮМ БИЛЭЭ

 

-Өмнө нь хориотой байсан Чингис хааныхаа тухай анх удаа ил тод ярьж 830 жилийн ойг нь өргөн дэлгэр тэмдэглэсэн. Тийм ээ?

-Тэгсэн, тэгсэн. 1990 оны ардчилсан хувьсгал ард түмнийхээ ёс заншил, түүх, соёл, уламжлалаа сэргээж хөгжүүлэх том зорилт дэвшүүлсэн. Монголыг дэлхийд алдаршуулж, Тулгар төрийг үүсгэн байгуулсан, нэгдмэл Монгол Улсыг 1206 онд байгуулсан аугаа их хааныхаа алдар гавьяаг сэргээх нь манай улсын оршин тогтнох ирээдүйг нотлох чухал ач холбогдолтой зүйл гэж үзээд Чингис хааныхаа 830 жилийн ойг тэмдэглэж, түүн дээр би илтгэл тавьсан юм.

-Шинэ Үндсэн хуулиар төрийн далбаа, сүлд өөрчлөгдсөн. Төрийн есөн хөлт их цагаан туг бүтээсэн нь цоо шинэ зүйл болсон. Ямар ажил өрнөж байсан бол?

-Хоёр сүрхий туг бүтээсэн л дээ. Нэг нь Төрийн есөн хөлт их цагаан туг, нөгөө нь бүх цэргийн хар сүлд. Их цагаан тугийг Монгол Улсынхаа 21 аймгаас цагаан азарганы сүүл цуглуулж бүтээсэн. Манай хуучны ёс уламжлал сайн мэддэг Х.Нямбуу гуай гэж том эрдэмтэн, Ардын зураач Чүлтэм гуай нар түүнд оролцсон юм. Төрийн түүх, ёслол, бэлгэдэл сайн мэддэг олон эрдэмтэн мэргэд цуглаж ярьж зөвлөж хэлэлцэж байж Төрийн есөн хөлт их цагаан тугаа бүтээж залах үйл ажиллагааг эхэлж байлаа.

Мэгжид Жанрайсиг бурхныг бас бүтээсэн. Хуучин цагт энх амгалан, сайн сайхан, аз жаргал, хөгжил дэвшил, аль л сайн сайхан бүхнийг бэлгэдсэн сайхан бурхан байсан нь үрэгдчихсэн, хойш нь аваачаад үгүй хийсэн. Тэр бурхнаа шинээр бүтээн залах ажлыг Чүлтэм гуай, Мэнд-Ооёо тэргүүтэй соёлынхон санаачилж, би зарлиг гаргаж, манай урчууд бүтээсэн дээ. Хуучин бурхны бие, лагшнаас үлдсэн юм байж мэднэ гэж Санкт-Петербург руу хүртэл хүн явуулж хайлгаж үзлээ. Амжилтад хүрээгүй.  Тэгээд өөрсдөө цоо шинээр бүтээхээр шийдсэн хэрэг. Шинэ Үндсэн хуульд заасан иргэдийнхээ шүтэх эрх чөлөөг олгож, том шүтээнийг сэргээсэн нь чухал үйл явдал болсон.

-1991 оны улсын наадам урьд байгаагүй өвөрмөц болсон. Анх удаа Монгол Төрийн тэргүүн цагаан эсгий дээгүүр алхаж, Есөн хөлт цагаан тугаа төв цэнгэлдэхдээ залж, наадамчид үнэхээр гайхаж, шагшиж, урьд өмнө үзээгүй үндэсний гайхамшгийг үзэж билээ?

-Бид үндэсний гайхамшигтай соёл, уламжлалаа 70 жил орхиод дэндүү европжчихсон байлаа л даа. Өөрийнхөө соёлыг сэргээх, ард түмний сэтгэл санааг өргөж, баяр наадмаа үндэснийхээ ёс дэгээр хийх санаачилга гаргацгаалаа. Наадмаа нээх индэр нь төв талбайнхаа голд, иргэдийнхээ дунд. Төрийн есөн хөлт цагаан тугаа шарга морьтой торгон цэргүүд анхлан залаад Ерөнхийлөгч бүрх малгай, монгол дээлтэй, цагаан эсгий дээгүүр явж очоод ард түмэнтэйгээ мэндчилээд наадам нээхэд цэнгэлдэх хүрээлэнд байсан наадамчид сэтгэл нь их хөдөлж, уяхан зарим нь нулимс гаргаж байсан гэж ярих юм билээ. Урьд дарга нар гэж индэр дээр заларсан, тээр холоос л харагддаг сүртэй хүмүүс байлаа шүү дээ. Энэ бүгдээр Монгол үндэстэн соёл уламжлалаа дээдэлдэг, эртний их өв соёлтой ард түмэн юм гэдгийг дэлхий нийтэд харуулах бодол санаа цаана нь давхар байсан.

 

ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ ТАВАН ГҮРЭН МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСЫГ ДЭМЖСЭН БАТАЛГАА ГАРГАЖ ӨГЧ БАЙЛАА

 

-Таны хийсэн нэг том ажил бол 1992 оны есдүгээр сард НҮБ-ын индэр дээрээс Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай зарлаж үг хэлсэн. Энэ тухайгаа дурсана уу?

-Монгол Улс коммунист байгуулалтаасаа татгалзаад, ардчилал, зах зээлийн харилцаанд шилжээд, цоо шинэ нийгмийн харилцаа үүсээд ирэхэд нөхцөл байдал өөр боллоо. Өмнө нь бол Монгол Улс өөрийнхөө аюулгүй байдал, тусгаар тогтнол, хил хязгаарынхаа дархан байдлыг сахиж хамгаалах ажлыг үндсэндээ ЗХУ-ын оролцоо, тусламжтайгаар хангаж ирсэн. 1936 онд байгуулсан гэрээтэй. Гэтэл 1990 он гээд Зөвлөлтийн цэрэг гарчихсан. Хятадтай 1960 оноос хойш харилцаа тааруу. Өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний маань бяр чадал сайнгүй. Ийм нөхцөлд Монгол Улс тусгаар тогтнолоо яаж хамгаалах вэ? Улс төр, дипломатын ямар арга байж болох вэ гэхээр газар нутгаа цөмийн зэвсэггүй улс гээд зарлах нь чухал юм гэж үзсэн. Эргэн тойрны том улсууд маань цөмийн зэвсэгтэй. Гартаа зэвсэг бариагүй хүн рүү зэвсэгт халдлага хийдэг тохиолдол дэлхийд, хүн төрөлхтний түүхэнд байхгүй юм байна. Тийм учраас улсынхаа аюулгүй байдлыг цөмийн зэвсэгтэй таван гүрнээр баталгаажуулах нь хамгийн найдвартай байж болох юм гээд цөмийн зэвсэггүй статусаа цөмийн зэвсэгтэй гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлж, дэмжүүлэх зорилгоор 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 43 дугаар чуулганд очиж үгээ хэлсэн юм.

Энэ ажил 1998 он хүртэл үргэлжилж, цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэмжсэн баталгаа гаргаж өгсөн л дөө. Энэ бол аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах улс төр, дипломатын чухал арга байсан гэж үздэг. Япон мэтийн том гүрнүүд хүртэл бидний энэ үйл ажиллагааг их сонирхож байсан. Япон өөрөө цөмийн зэвсэгт өртөж байсан учраас үүнд их ач холбогдол өгч, яаж ийм амжилтад хүрэв гэж одоо хүртэл судлаж сонирхож байдаг юм.

-Цөмийн зэвсэгтэй орнууд Монголын санаачлагыг юу гэж хүлээж авсан бэ?

-Анх эхлээд цөмийн зэвсэгтэй орнууд шууд дэмжээгүй. Гэхдээ манай санаачилга үр дүнд хүрч, одоо бүр цөмийн зэвсэггүй бүс нутаг гэсэн нэр томъёо ч хэрэглэгдэх боллоо. Үүнд үндэслэж Улаанбаатарын яриа, хэлэлцээний механизм буй болсон. БНСУ, БНАСАУ, Япон,Хятад, ОХУ гээд бүх орны төлөөлөл оролцож санал бодлоо солилцож, яриа хэлэлцээ хийдэг боллоо.

-Улаанбаатарын яриа, хэлэлцээний механизмын хүрээнд БНАСАУ, Япон Монголд уулзаж Японы талаас хулгайлагдсан иргэдийн тухай зэрэг эмзэг асуудлаараа ярилцдаг болсон. БНСУ, БНАСАУ уулзаж байсан. Хоорондоо зөрчилтэй асуудалтай орнууд Монголд уулздаг болсон шүү дээ?

-Тэр хүрээнд улс төр, дипломатын ажил, арга хэмжээ, яриа, хөөрөө, гэрээ хэлцэл явдаг болсон шүү. Цаашдаа ч явна. Бүс нутагтаа бол аюулгүй байдлын том механизм тогтоосон хэрэг.

 

МОНГОЛ ЯАГААД БАР БОЛОХГҮЙ ГЭЖ, БОЛЖ БОЛНО Л ДОО

 

-Эрдэнийн очир одонг тухайн үед сэргээсэн дээ. Түүгээр хүн шагнасан юм уу?

-Би БНСУ-д айлчлахаар болов оо.Тэдний тал хоёр орны дипломат харилцааг сэргээсэн гавьяатай хүн гээд намайг “Мүгүн хва” гэж том одонгоороо шагнахаар болжээ. Би бас тэдний Ерөнхийлөгчийг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан гавьяаг нь үнэлж одонгоор шагнахаар болж. Ямар Сүхбаатарын одонгоор шагналтай нь биш. Хуучин цагт гадаадын хүндтэй хүмүүсийг шагнадаг байсан Эрдэнийн очир гэж таван зэрэглэлтэй одон байсныг сэргээе гэлээ. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн зуугаад жилийн өмнө хойшоо айлчлахдаа түүгээр Оросын Николай хааныг шагнаж байсан нэр хүндтэй одон.

Улсын Бага Хурлаар хэлэлцүүлж, үндэслэлийг нь гаргаж баахан юм болж одонгоо сэргээгээд, БНСУ-ын Ерөнхийлөгч Ро Де У-г нэгдүгээр зэргийн Эрдэнийн очироор шагнасан. Түүгээр сүүлд мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкерийг шагнасан дуулддаг.

-Та Ерөнхийлөгч болоод Монголыг “Бар улс” болгоно гэж хэлж шуугиулсан...

-Сингапур, Тайвань, БНСУ шиг болж яагаад болохгүй гэж гэсэн утгаар хэлсэн үг. Бар болсон улсуудын хөгжлийг хараад байхад гадаадын хөрөнгө оруулалтад их түшиглэж байж. Өөрсдөө тухайн үедээ хуримтлал багатай, эдийн засгийн хувьд сулавтар байсан улсууд гадаадын хөрөнгө оруулалтыг маш их хөхиүлэн дэмжих, урамшуулах бодлогыг тууштай баримталсан байдаг. Тийм учраас тэр орнуудад гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж ирсэн. Олон үйлдвэр, объект барьж, ажлын байр хэдэн арван мянгаараа буй болж, бүтэгдэхүүн үйлдвэрлэж, хүмүүсийн амьдралд тус болсон жишээтэй.

Нөгөө талаасаа экспортыг дэмжсэн. Гадагшаа юмаа гаргахгүйгээр гаднаас юм оруулах гэдэг боломжгүй. Хөгжлийн нэг их чухал хөшүүрэг бол экспортоо дэмжих. Аль болохоор гадагш бүтээгдэхүүнээ гаргах юм бол эдийн засаг, худалдаа, арилжаа хөгждөг. Бар болсон улсуудын эдийн засгийн гол стратеги, гол амжилт нь гадаадын хөрөнгө оруулалт татах, экспортоо дэмжихэд л байгаа юм л даа. Ингэж харилцаагаа гадна талтайгаа нягт холбож, өргөжүүлснээр улс орны эдийн засаг тогтворжих, хөгжих, хөгжлийн өндөр хэмжээнд хүрэх, ард иргэдийн аж амьдралыг тэтгэх хөшүүрэг болдог.

Бар улсууд чинь Ази, Номхон далайн бүсийн л орнууд шүү дээ. Тэгэхээр Монгол өөрөө ийм их потенциальтай, хүн амын боловсролын түвшин, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар нутаг, байгалийн баялаг зэргээрээ энэ бар улсуудын хойноос явахад яагаад болохгүй байх вэ л гэж бодсоноо хэлсэн хэрэг л дээ.

Хүмүүсийн хэрэглээ харьцангуй бага, баялаг ихтэй учир цөөхөн хүн амынхаа амьдралын түвшинг эдгээр орнуудын хэмжээнд хүргэх боломж нөхцөл байна гэж үзэж л “Азийн нэг бар улс болно” гэж хэлсэн л дээ.

Ер нь хүрэх газраа тодорхой болголгүй зүгээр л мухар сохор яваад байх юм бол хаана ч хүрэх юм билээ. Тэгээд л тийм л зорилго тавих гэж үзсэн. Бар болсон орнуудын хөгжлийн замналыг аваад үзэхэд БНСУ гэхэд 1950-иад онд нэг хүнд ногдох ДНБ –ний түвшнээрээ манайхтай бараг ижил байсан. Гэтэл одоо БНСУ хэчнээн өндөр түвшинд хүрсэн билээ. Яаж энэ хэмжээнд хүрсэн билээ гэхээр асар их хөдөлмөрлөсөн, АНУ-ын хөрөнгийг боломжоороо татсан. Сингапур гэхэд нэг жижигхэн арал. Гаднын хөрөнгө оруулалт татаж, гадаад харилцаагаа хөгжүүлж, далай тэнгисээ ашиглаж, гадагшаа бүтээгдэхүүн гаргаж, гаднаас оруулж, энэ үндсэн дээр л Сингапур босоод ирсэн. Тэднийд байгалийн баялаг, ашигт малтмалын сүрхий том нөөц байхгүй. Загасчны тосгоноос хөгжлийн өндөр түвшинд гараад ирсэн. Ингээд харахад Монгол яагаад бар болохгүй гэж. Болж болно л доо.

 

РОМБУ ГАРИГТАЙ ХАРИЛЦАЖ БАЙНА ГЭДЭГ, БИ НЭГ МАГНИТОФОН ӨГӨВ ӨӨ

 

-Таныг Ерөнхийлөгч болонгуутаа Ю.Цэдэнбал даргын өргөөнд орж амьдарна гэж бужигнуулсан гэж уншиж байсан юм байна?

-Тэгээгүй юм. Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга болоод манайх Их тэнгэрийн амны доод байр гэж дөрвөн айлын сууцанд Ж.Батмөнх гуайнхтай хөрш болж нүүж орсон. Ж.Батмөнх гуай ажлаа өгөөд өөрийн байр сууцгүй, хуучин Их Тэнгэрийн байрандаа нэг хэсэг байсан л даа. Ингээд хоёр айл нэг хэсэг хамт амьдрав. Тэгж байтал Ш.Гунгаадорж Сайд нарын зөвлөлийн дарга /Ерөнхий сайд/ болов оо. Тэгээд бас тэр байранд нүүж ирэв. 1990 оны сонгуулийн дараа Д.Бямбасүрэн Ерөнхий сайд болж бас нүүж ирэв. Тэгээд 1990-1993 он хүртэл манайх Ж.Батмөнх гуайнхтай, Ш.Гунгаадорж гуайнхтай, Д.Бямбасүрэнгийнхтэй нэг байшинд байв аа. Зун болохоор зусланд гарна гэгчээр Их тэнгэрийн ам өөдөө өгсөөд Хатан туул харшийн хажуугийн байранд зусдаг байсан.

Манай гурван жил өвөлжсөн доод байшинг хуучирч мөөгөнцөртсөн гээд нэг хэсэг шуугисан даа. Тэгээд засвар хийхээр болж, “Хотын төвд, Ю.Цэдэнбал гуайн сууж байсан байрыг засаж янзалсан, тийшээ нүү” гэсэн. Бид өөрсдөө мэдэх биш, цаанаасаа нүү гээд, 1993 онд тэнд нүүж орсон.

Тэр байр маань Ю.Цэдэнбал гуайн өргөө, нөгөө 30 дугаар байр биш л дээ. Зэргэлдээ хамар хашаанд нь байдаг тусгай хамгаалалттай дан жижиг цагаан байшинд манайх орсон шүү дээ. Ю.Цэдэнбал дарга бас нэг үе сууж байсан байшин.

Түүнийг зарим хүн ташаа ойлгоод, Ю.Цэдэнбал гуайн өргөөнд манайхыг 1990 онд давхиж ороод суучихсан, эзэн нь амьд байхад жудаггүй загнасан гээд бүр номонд биччихсэн байдаг юм. Тийм юм байхгүй ээ.

-Залуучуудын шинэ жилийн ёслол дээр та “Тансаг ёолк” гэж хэлж, картын бараатай үеийн иргэдийн дургүйг хүргэсэн нэг түүх бий?

-Залуучуудын нэг их сайхан ёолк болсон юм аа. Next stop гэж. Тэгээд “Үнэхээр сайхан тансаг ёолк болж байна. Одоо 200-гаад хүн энд байх шиг байна. Удахгүй хоёр мянга, хорин мянга, хоёр зуун мянга, хоёр сая хүн ийм баярт оролцож байгаасай” гэсэн ерөөл хэлсэн нь тэр. Одоо бол ч тансагладаг болсон л доо. Бүжиг наадам, дуу хуур гээд сумын төвийн ёолк ч тансаг руу л дөхөөд байгаа. “Тансаг ёолк” гэдгээсээ болоод би чинь сүүлдээ Тансагмаа болчихсон явж байсан. Тансагмаагийн Очирбат гэж. Одоо тансаг гэдэг үг идэвхтэй хэрэглээний үг болсон байна лээ шүү.

-Ерөнхийлөгч байхдаа та яаж яваад дэргэдээ Ч.Дашцэрэн гэж үзмэрч зөвлөхтэй болчихсон юм бэ?

-Ерөнхий сайд байсан Ш.Гунгаадорж “Нэг их сүрхий чадалтай, юм мэддэг хүн байна гэнэ” гэлээ. Тэгсэн Д.Содном гуай нэг хэсэг газрын тосны хэрэг эрхэлж байхдаа өнөө хүнийг нефтьтэй газрыг мэдэрдэг байж магадгүй гэж дагуулж яваад “Их сонин сонин юм ярих юм. Сонин мэдрэмжтэй хүн байна. Нэг уулзаач” гэж хэлж ирсэн л дээ. Нөгөөхтэй чинь уулзав аа. Нөгөө хүн “Надад нэг их сүйд болоод байх юм байхгүй ээ. Гэхдээ яах вэ, заримдаа нэг юм надад юм хэлж өгөөд, мэдрэмж төрөөд байх шиг байдаг. Зарим нь таардаг, зарим нь үгүй” гэлээ. Тариатын өвөлжөө гэж Дундговьд нэг газар байдаг юм. Ч.Дашцэрэн “Тэнд нефть байна” гэж байна. Сүүлд нь геологийнхон геофизикийн судалгаа хийхэд нээрээ тэнд шингэн биет байж болохоор хөндий байна гэнэ.

Тэр үе чинь их л хүнд хэцүү цаг байлаа шүү дээ. Их л юм хэлж байсан. Тэмдэглээд авсан ч юм бий. ЗХУ задрахаас өмнө гэхэд л СССР бутарч задарч 11 улс болох нь шиг байна гээд л тэгдэг байсан.

Ер нь тиймэрхүү хүн байдаг уу гэвэл байдаг. Энэтхэгийн нэг хүн надад зураг хөрөгтэй захиа ирүүлсэн. “Танай Монгол их газрын тостой юм байна. Надад 350 мянган ам.доллар төлбөл би танай нефтийн ордуудаас хэлж өгч чадмаар байна” гэж л байсан. Тэгээд би Ч.Дашцэрэнг Энэтхэг явуулав аа. Мань хүн Энэтхэг явж ирээд “Энэтхэгт нефть байна. Би ч бас тэднийд хэлж өгвөл өгмөөр байна” гэж хөгийн юм яриад.  Драмын театрын цаана байсан Дотоод яамныхан энэ тэр суудаг байсан байранд Д.Содном гуайнхыг нүүхэд Ч.Дашцэрэнгийнд сууц өгч оруулж байлаа шүү дээ.

-Харь гаригийнхантай харилцдаг гэдэг байсан. Сорьж үзсэн үү?

-Ромбу гаригтай харилцаж байна гэдэг. Би нэг магнитофон өгөөд “Чамд энд тэндээс янз бүрийн юм хэлж өгөөд байдаг юм бол чи тэрийг нь үүнд буулгаж бичээд аваач” гэсэн. Тэгсэн чинь “Болдоггүй юм байна. Бичигддэггүй юм байна. Надад хэлээд байгаа болохоос бичиж болохгүй байна” гэдэг байсан. Тэгээд хамгийн сүүлд нэг таагүй юм нь Марзад онгоц осолдоход “Хил даваад явчихжээ” гэж хэлээд, түүнээс болоод хөгөө чирсэн дээ.

 

“БААБАР ЭД НАР ИНГЭЭД БАЙНА, ЯАХ ВЭ” ГЭСЭН, Ш.ЦЭВЭЛМАА ӨӨДӨӨС “ЯАДАГ ЮМ” ГЭДЭГ БАЙГАА

 

-Та 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад ардчилсан хүчнээс нэр дэвшсэн билээ?

-МАХН-аас нэр дэвшээд явж байсан юм. Дөрвөн хүн дэвшээд, зарим нь нэрээ татаад хоёр хүн үлдэхгүй юү. Л.Түдэв бид хоёр. Тэгээд дотроо санал хураажээ. Тэгээд Л.Түдэв надаас илүү гарчээ. Тэр орой нь зуслан руу явах гэж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Түмэн орж ирээд “Нам дээр санал хураалт болоод таныг дэвшүүлсэнгүй” гэлээ. Тэгээ л биз гээд би тоосонгүй.

Маргааш нь Их тэнгэрийн аманд зусланд байж байхад Баабар, МСДН-ын нарийн бичгийн дарга Л.Бямбажаргал хоёр манайд ирдэг юм. Дөрвөлжин цаас гаргаж ирээд “Манайхан таныг Ерөнхийлөгчид дэвшүүлнэ. Зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зурж өг” гэнэ. Би “Бодъё” гэсэн, нөгөөдүүл “Бодоод байх юу байдаг юм. Өрсөлд” гэж байна. Тэгэхээр нь би Ш.Цэвэлмаагаас /гэргий нь/ асуулаа. “Баабар эд нар ингээд байна, яах вэ” гэж. Ш.Цэвэлмаа өөдөөс “Яадаг юм” гэдэг байгаа. Тэгээд зураад өгчихлөө. Дэвшдэг болов оо.

Нэр дэвшигчид дотор хуульч Б.Чимид байсан. Б.Чимид өөрөө хэрэггүй гэчихэж. Ардчилсан хүчнүүдийн хурал дээр Дундговийн адуучин Р.Дашдооров бид хоёр тунаж байх бололтой юм гэнэ ээ.

Р.Дашдооров манай өрөөнд хүрч ирээд “Хурал дээр бид хоёр өрсөлдөх янзтай болж байна. Миний нэр дэвшиж Ерөнхийлөгч болно гэж ямар юм байх вэ. Танд амжилт хүсье” гэсэн. Тэгээд би нэр дэвшиж Л.Түдэвтэйгээ өрсөлдөв дөө. Сэтгүүлчид, зохиолчид, хэвлэл, мэдээлэл хүчтэй ч гэж жигтэйхэн. Л.Түдэв дээр хүч нэлээд төвлөрч байна аа. Гэхдээ ард түмэн надад итгэл хүлээлгэж, саналаа өгч Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болсон түүхтэй.  

Үргэлжлэл бий.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.23) 2025 оны 01 сарын 24

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.63.23) 2025 оны 01 сарын 24

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(202.9.46.209) 2025 оны 01 сарын 24

Зайлаа хог данжаад Монголын нефтийг хар хятаддаа бэлэглээд Монголыг хорлосон золбин хужаа шээс тамдаа шатаасай

0  |  0
хуульч(202.179.27.134) 2025 оны 01 сарын 23

хуцяао хүнд үнэн гэж хэзээ ч байхгүй тэдэнд зөвхөн боломж бүрийг худалдах, ашиг олох гэдэг ганц л генд нь байдаг юм бий.Тэр МУ-ыг АНустай нийлж устгасан, хятдад сул хаяж өгсөн.Тэр одоо тамдаа шатахаар яваа

0  |  0
Top