БНХАУ-ын дэд дарга Хань Жөн АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын тангараг өргөх ёслолд оролцохоор Вашингтонд хүрэлцэн очоод байна.
Энэ үеэр тэрбээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнстэй уулзжээ. Тэрбээр хоёр улс олон асуудлаар өөр өөр байр суурьтай байдаг ч хамтын ажиллагааны асар их боломжтой хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр, тус хоёр улс агуу их улсууд бөгөөд Хятад, АНУ-ын ард түмэн хөгжлийн салбарт тавьсан зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээнгүйлэн зүтгэж байгаа агуу их ард түмнүүд юм. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа нь хоёр талын сонирхол бүхий чухал асуудал. Хэрэв хоёр тал харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг дагавал харилцан амжилтад хүрч, дэлхий дахины хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж чадна. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг АНУ-ын Доналд Трамп, дэд ерөнхийлөгч Жеймс Вэнсд дамжуулсан байна.
Хань Жөн мөн Илон Масктай уулзалт хийжээ. Илон Маск “Tesla” компани Хятад улстай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ. БНХАУ-ын дэд дарга АНУ-ын компаниуд Хятад улсад хөрөнгө оруулж, Хятад, Америкийн тогтвортой, эрүүл хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )