Panasonic корпорацыг үндэслэгчийг хуулбарласан хиймэл оюун бүтээжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 28

 

Panasonic корпорацыг үндэслэгч Коносүкэ Мацүшитагийн мэдлэгийг эзэмшсэн бөгөөд сэтгэн бодох чадварыг нь хуулбарласан хиймэл оюуныг Японд бүтээсэн тухай тус улсын олон нийтийн телевизийн NHK суваг мэдээлсэн байна.

1989 онд 94 насандаа таалал төгссөн Мацүшита-г Японд бизнесийн гайхалтай ур чадварыг нь үнэлэн “менежментийн бурхан” гэж нэрлэдэг ажээ. Хиймэл оюуныг Panasonic компани болон судалгааны PHP хүрээлэн хамтран бүтээсэн ба Мацүшита-гийн аудио бичлэг, захидал, тавьсан илтгэлүүдийг ашиглан сургасан байна. Одоо хиймэл оюун нь алдарт бизнес эрхлэгчийн сэтгэлгээний хэв маягийг бүрэн дуурайх чадвартай болсон гэнэ. Хиймэл оюуныг тус компанийн удирдлагад ямар нэгэн шийдвэр гаргахад туслах зорилгоор ашиглахаар төлөвлөж байгаа ажээ. “Мацүшита яах байсан бол?” гэсэн гол асуулт тавигдах бөгөөд энэ асуултад хариулахад хиймэл оюун туслах юм. Хиймэл оюун өвөөтэй нь маш төстэй бодож, ярьж байсанд бизнес эрхлэгчийн ач хүү, нэгэн үе корпорацыг тэргүүлж байсан Масаюки Мацүшита маш их гайхсан гэнэ.

Хиймэл оюуны хөгжил хүний гар хөдөлмөрийг хэрэггүй болгох уу гэсэн асуултад Хиймэл оюун хариулахдаа, зарим талаараа энэ нь үнэн гэж хэлсэн хэдий ч “шинэ үнэт зүйлс бүтээхэд” хиймэл оюун хүнд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мацүшита Электрик корпорацыг дэлхийн бизнесийн хамгийн суут төлөөлөгчдийн нэг хэмээн үздэг Мацүшита 1917 онд байгуулсан аж. Корпорац нь 2008 онд нэрээ өөрийн хамгийн алдартай брэндийн нэрээр Panasonic гэж өөрчилсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top