Евро-2024: Хиймэл оюун ухаантай бөмбөг ба ухаалаг бугуйвч

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 10

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах Евро-2024 тэмцээн түүхэндээ хамгийн өндөр технологижсон тэмцээн болно. Тоглоомыг илүү хурдтай болгож, шүүгчдийн алдааг багасгахын тулд хиймэл оюун ухаан болон орчин цагийн хамгийн дэвшилтэд технологийг ашиглахаар зохион байгуулагчид ажиллаж байна.

Шинэ технологийн тусламжтай тоглолтын цэвэр хугацааг сунгана

Хэдхэн хоногийн дараа буюу зургаадугаар сарын 14-нд Германд Евро-2024 тэмцээн эхлэх гэж байна. Сар үргэлжлэх тэмцээн шинэ багуудыг төдийгүй олон шинэчлэлийг танилцуулах юм. Энэ зун Германы хөлбөмбөгийн талбайд Евро-2024 албан ёсны бөмбөг болох “Fussballliebe /германаар хөлбөмбөгт дурлах/” хамгийн ухаалаг нь байна гэж “Adidas” компани амлаж байна.

Тус компани Fussballliebe бөмбөгийг Connected Ball технологитой холбосон тусгай чипээр тоногложээ. Чип бөмбөгийн байршлын талаар нэг секундэд 500 удаа мэдээлэх боломжтой.

Мэдээллийг VAR системтэй ажиллаж буй шүүгчдэд дамжуулах юм. Ингэснээр талбайн шүүгч тоглолтын хэсгийг дүрсийг богино хугацаанд харах боломжтой болно. Чипийн тусламжтай тоглогчийн гар бөмбөгт хүрсэн цаг, отон тоглолт байсан эсэхийг тодорхой нарийвчлалтай зааж, мэдээлэх юм.

Connected Ball систем нь хиймэл оюун ухааны тусламжтай бөмбөгийн 3D загварыг бодит цагаар гаргаснаар бөмбөг талбайгаас гарсан эсэхийг нарийн тодорхойлох юм. Евро-2024 тэмцээнд Катарт болсон ДАШТ дээр ашиглагдаж байсан отон тоглолтыг тодорхойлох хагас автомат системийн шинэчилсэн хувилбарыг танилцуулна. Хоёр жилийн өмнө энэ системд зориулж талбай бүрд 10 камер суурилуулж байсан бол Германд камерын тоо 12 болж нэмэгдэнэ. Хиймэл оюун ухааны тусламжтай камерууд тоглогч бүрийн бие дээрх 29 цэгт ажиглалт хийж, видео шүүгчдэд тухайн тоглогч отон тоглолтод орсон эсэхийг мэдээлэх юм. Энэ бүх шинэчлэл тоглолтын цэвэр хугацааг сунгахад чиглэжээ.

Шүүгчид зөвхөн багийн ахлагчидтай харьцана

Евро-2024 тэмцээнд зөвхөн технологид шинэчлэл хийгдээгүй. Тоглолтын цэвэр цагийг сунгах зорилгоор ерөнхий шүүгчдийн үүрэгт өөрчлөлт орж байна. Энэ удаад талбайн шүүгчидтэй маргалдсан тоглогчид илүү хатуу хандахаар болжээ. Европын хөлбөмбөгийн холбооноос өгсөн зөвлөмжийн дагуу шүүгчид зөвхөн багийн ахлагч нартай харьцах гэнэ. Хэрэв тамирчид шүүгчээс юм асуух, маргах тохиолдолд шар карт авна. Хэрэв багийн ахлагч нь хаалгач бол талбайн тоглогчид бүрэн эрхээ төлөөлүүлэн шилжүүлэх боломжтой.

 

Хөгжөөн дэмжигчдэд шар айраг уухыг хориглоно

Техникийн шинэчлэл хөгжөөн дэмжигчдийг мөн тойрч гарахгүй. “Euroband” компани тэдэнд зориулж тусгай бугуйвч бүтээжээ.

Чип бүхий сүлжсэн бугуйвч тухай хөгжөөн дэмжигчийн байршлыг заах гэнэ. Тусгай апп-ын тусламжтай тэрбээр бугуйвчтай найзуудынхаа байршлыг тогтоох боломжтой юм. Мөн бугуйвчийг банкны карт шиг ашиглан Евро-2024 тэмцээний албан ёсны бүтээгдэхүүнүүдийг худалдан авах юм. Европын хөлбөмбөгийн холбоо тоглолтын үеэр согтууруулах ундаа хэрэглэх дүрмийг чангатгажээ. Нэг хүнд хоёроос илүүгүй аяга шар айраг худалдах ба шар айргийг зөвхөн цэнгэлдэх хүрээлэнгийн гадна ууж болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top