Айсуй сонгуулийн айдас

2024 оны 05 сарын 29

УИХ-ын сонгууль дөхөх тусам одоо яана даа, юу л болдог бол гэсэн айдас улам бүр нэмэгдээд байх боллоо. Өдөр өнжихгүй элдэв янзын цуу дуулиан ар араасаа дэгдэж, эхнийх нь учрыг олж ядаж  байхад дараагийнх залгуулаад  хүч аван өрнөх боллоо. Санаанд оромгүй гэмт хэрэгт бие биенийгээ буруутгаад шүүх, цагдааг зүглэсэн өргөдөл гомдол тасрахаа байлаа. Шийдэж, шийтгэсэн асуудал сонсогдохгүй байсаар сонгууль өнгөрсөн хойно л бүгдээрээ худал үнэн нь мэдэгдэхгүй уучлал, гомдол болж сонгогчдыг хуурдаг хуучин муу технологио энэ жилийн сонгуульд ахиад нэг ашиглахаар эерэг, сөрөг гэлтгүй бүгд чармайж байна.

Энэ Монгол Улсад өнгөтэй өөдтэй хүн гэж үгүй болж, өвөр хоорондоо бүгд хулгайч нараар дүүрсэн бололтой. Бие биедээ ихэрхэн өрсөлдөж, бэл бэнчингээрээ хоорондоо зодолдож байна. Ханцуй доторх наймаа ил цагаандаа гарч харин ч нэг сайхан шившигээ дэлгэж байна. Нам нь намаараа талцаж, лам нь ламаараа талцаж, бүлэг фракц, яс үндэс, удам угсаа, жалга довоороо шөргөөцөлдөж, бүх монголчууд үймэлдэж байна.

Хөгжлийн банкны, Нүүрсний, Эмийн,Ногоон автобусны гээд дуулиант хэргүүдтэй залгаад Зоригийн хэрэг сөхөгдөж олон хэргийн хам болоод дам гэмтнүүдийн нэрсийн жагсаалтыг гаргая гэвэл хэчнээн ч боть болж мэднэ.

“Хонь мянга хүрэхээр тоолж хэрэггүй” гэдэг шиг хам хэрэгтнүүдийн зах хязгаар нь барагдахаа байхаар шүүх, хуулийнханы толгой нь эргэж, учрыг нь ялгахаа больдог бололтой. Дээр нь хэрэгт холбогдсон тэр олон хүнээс өөрийнхөө хэдийг ялгаж авах гэж хууль хяналтынхан улам их будлиан тарьж орхидог гэмтэй. Энэ хавар УИХ-аар Уул уурхайн болон Газрын сонсгол хийхээр төлөвлөсөн ч урдах гэмтнүүдээ шийтгэж эхлээгүй байж дараагийнхыг зарлах нь эрсдэлтэй хэмээн эрх баригчид үзжээ.

Гэхдээ л хууль шүүхээр биш хуурамч акаунт, дуулиант нэвтрүүлгүүдээр аймшигтай алуурчид, хулгайч, луйварчид, хүчин хийгч, хүний хөрөнгийг булаагч гээд хэчнээн хүнийг цоллож, яллахыг хэлж одоо мэдэхгүй. Ингэснээр сонгогчид хамгийн үнэмшилтэй хувилбарт нь итгэж саналын хуудсаа бөглөснөөр төрийн эрх мэдэл аль нэг улс төрийн намд шилжих үүд хаалга нээгдэнэ. “Авсан хүн нэг тамтай. Алдсан хүн арван тамтай” гэж сонгуульд ялагдсан хүчин түмэн янзын гомдол санал гаргах нь тодорхой. Энэ жилийн хувьд сонгуулийн өмнөх худал цуу мэдээлэл хэрээс хэтэрсэн учраас аль ч нам УИХ-д олонх боллоо гэсэн иргэд сонгогчид дуугүй хүлээн зөвшөөрөх нь юу л бол.

Одооноос Ерөнхийлөгч асан, элчин сайд асан гээд сөрөг хүчний нөлөө бүхий улстөрчид “УИХ-ын 2024 оны сонгуульд МАН 30 хувиас илүү санал авах ёсгүй. Хэрэв үүнээс илүү санал авбал долдугаар сарын 1 давтагдана” хэмээн сүрдүүлсэн мэдэгдэл хийгээд эхэллээ. Ингэж тэд иргэдийн оюун санааг эртнээс бэлтгэж, башир аргадаа татан оруулж, монголчуудыг хооронд нь цуст тэмцэл хийхийг уриалж байна. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн ичгүүр сонжуургүй оролдлого юм. 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал цуглааныг өдөөн турхирсан гэмт үйлдлээс УИХ-ын гишүүний дархан эрхээр чөлөөлөгдөж үлдсэн хүн өнөөдөр хилийн чанадаас цуст өсөрхөлөө авах гэж уур хилэндээ багтаж ядан бахардаж байна.

Ардчилсан шударга ёсны хамгийн том, хамгийн чухал хэмжүүр болсон Ардчилсан сонгуулийг будлиантуулах хүртлээ өөрчлөгдсөн “Ардчилсан Ерөнхийлөгч”-ийн энэ хийрхэл айсуй сонгуулийг айдас руу хөтөлж байна.

Цаг зуурын худал хуурмаг мэдээлэлд авталгүй, итгэл үнэмшил, эрх чөлөөгөө хамгаалцгаая. Иргэдээ, сонор сэрэмжтэй байгтун!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (66.181.161.14) 2024 оны 05 сарын 30

МАН 30 ДЭЭШ СУУДАЛ АВБАЛ. ЭНЭ НАМЫГ ТАРААНА ШҮҮ. ВАНГА.

0  |  0
сонгогч (202.9.46.151) 2024 оны 05 сарын 29

2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал цуглааныг өдөөн турхирсан гэмт үйлдлээс УИХ-ын гишүүний дархан эрхээр чөлөөлөгдөж үлдсэн хүн өнөөдөр хилийн чанадаас цуст өсөрхөлөө авах гэж уур хилэндээ багтаж ядан бахардаж байна.....!!!!!!!!!!!!!!!!!!!!! төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн ичгүүр сонжуургүй оролдлогод тооцох хариуцлага гэж байна уу ???

0  |  0
Top