Бид үнэнийг мэдэх эрхтэй болохоос худлаар тархиа угаалгаж болохгүй

2024 оны 04 сарын 11

Монголчууд нэгэн цул байх тухай, нэгдмэл байх тухай бид нэг бус удаа ярьж, бичиж иржээ. Гэсэн хэдий ч ташаа мэдээлэл, эсвэл нэг талыг барьж туйлширсан мэдээллүүд гарсаар л байдаг. Гадны эрээвэр хураавар сайт гэгч “захиалгат самбар”-уудад гарсан зүйлүүдийг дотооддоо авчирч сэвдэг болов. Гадныхан хэлсэн бол үнэн, гадаад хүн бичсэн бол зөв гэдэг манайхны хандлагад тааруулсан “технологи” шиг байгаа юм. Тэрийг нь сөргүүлээд шалгадаг, нягталдаг, үнэн мөнийг харьцуулаад гаргачихдаг байвал үнэний шугам руу шууд биш юм гэхэд тодорхой хэмжээнд дөхөж болмоор. Сонгууль дөхсөн энэ цаг үед аман яриа, гадны сайтын эрээвэр хураавар мэдээллүүд Монголд “хит” болох бололтой. Сошиалын хандалт авах гол сэдэв ч тэдгээр зүйлүүд байх чигтэй. Тэр дотор Ерөнхий сайд асан Сү.Батболд руу чиглэсэн мэдээлэл цахимаар нэлээд тархлаа.

АНУ-д хоёр орон сууц худалдаж авсан хэмээн  бичиж байснаа “хороолол авсан” болгоод тавьчих жишээтэй. Тэгснээ энэ хэргийг “Английн Дээд шүүх шалгаад, Нью-Йорк хотын Дээд шүүхэд шилжүүлснээр тэнд хянагдаж байгаа” гэхчлэн огноо, хугацаа, эх сурвалж тодорхойгүй юм бичээд цахим хуудсуудаар тараасан ч байх шиг.

Ер нь бол анх гадны сайтад ийм мэдээлэл гарлаа хэмээн хэдэн жилийн өмнөөс манай хэвлэлүүд шууд хуулаад гаргаж байсан. Өнөөдөр яг тэр хэвээрээ, хамгийн хачирхалтай нь одоо болж буй үйл явц гэж ойлгогдохоор нийтлээд байгаа нь “сонгууль дөхсөнийх байх даа” гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй юм. Энэ үйл явдлын талаар буюу Сү.Батболдын тухайд 2021 онд “Дефакто” Д.Жаргалсайхан  “Улсын Ерөнхий сайд байсан хүнийг өөр улсын иргэний гомдлоор өөр улсад шүүнэ, том хэвлэлээрээ нотлогдоогүй мэдээллээр “балбана” гэдэг байж болох зүйл үү?” хэмээн хэлж байв. Үнэхээр тийм асуудал байсан бол хоёр улсын Гадаад харилцааны яамаар дамжихгүй байна гэж үгүй. Жирийн иргэн байна уу, Ерөнхий сайд байсан хүн байна уу гэдгээс үл хамаарч  Гадаад харилцааны яам, тухайн улсад сууж буй Элчин сайд нар, улмаар Монгол Улсын Засгийн газар, түүгээр дамжуулан ХЗДХ-нд шат дараалан асуудал тавьж шалгадаг, хянадаг, хариуцлагад татах, шүүх процесс явагдаж таарна. Гэтэл тийм юм огт болоогүй байдаг. Тэгэхээр “Сү.Батболд ингэсэн, тэгсэн” гэдэг үлгэрээ жаргааж, үнэний мөрөөр, баримттайгаар хэлж ярьж, бичиж нийтэлдэг хэвлэлийн үндсэн зарчимдаа үнэнч байх сан даа.

“Бид үнэний хорвоод амьдрах ёстой. Худал мэдээллийн хүрээнд, аль нэг талын ухуулгыг дагаж савж болохгүй. Монголчууд үнэнийг мэддэг байх хэрэгтэй. Монголчууд үнэний орчинд амьдрах, үнэнийг ойлгож амьдрахад бидэнд хүчин чармайлт хэрэгтэй байна. Гадныхны ятгалгаар юм уу, тал засах байдлаар зөрчилдөж байгаа улс орнуудыг нэгийг нь буруутгаж, нөгөөг нь зөвтгөх хэрэггүй юм. Үнэн учрыг олж ойлгуулах нь л Монголд хэрэгтэй юм” гэж Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гуай 2022 онд хэвлэлээр ярьсан байдаг. 17 дахь Ерөнхий сайд тухайн үед 26 дахь Ерөнхий сайдын тухай яриагүй л дээ, харин Украины асуудлыг жишээ татсан байдаг. Гэхдээ үүгээрээ Монголынхоо дотоод байдлыг л  дүгнэсэн хэрэг. Дэлхийн хүчний төв, нүд ирмэх зуур өөрчлөгдөж буй дэлхийн улс төр, эдийн засгийн гол тоглогчдын байр суурь өөрчлөгдөж байхад бодууштай л үг. Нөгөөтэйгүүр, нэг улсын Ерөнхий сайд байсан хүнийг нөгөө улсын шүүхээр яллаад, том хэвлэлээр “балбаад” байна гэдэг байж болох уу, үнэн үү гэсэн Д.Жаргалсайханы хэлсэн үг ч нийгмийг сэрээж, сэрэмжлүүлэх гүнзгий утгатай санагдана. Монголчууд үнэнийг мэдэх хэрэгтэй болохоос худлаар тархиа угаалгаж болохгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(202.179.15.130) 2024 оны 04 сарын 12

хөлснии бичээчид хаа сайгүйлдээ

0  |  1
Top