Тайванийн хүчтэй газар хөдлөлтийг даван туулсан шилдэг туршлага

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 08

Тайваньд сүүлийн 25 жилд болоогүй 7,4 магнитудын асар хүчтэй газар хөдлөлт болсон. Байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо 10-ыг давж, 1 106 хүн бэртэж гэмтжээ. Сүүлийн үеийн мэдээллээр, хүн хүрэхэд бэрх бүс нутгуудад 705 хүн тусламж хүлээж байгаагаас 500 гаруй нь Тароко тусгай хамгаалалттай газрын уулархаг бүс нутагт байна. 20 орчим хүн ор сураггүй алга болжээ.

Газар хөдлөлт дөрөвдүгээр сарын 03-ны өдөр орон нутгийн цагаар 07.58 цагт болсон. Газар хөдлөлтийн голомт арлын зүүн эрэг орчим 15,5 км гүнд бүртгэгдсэн. Японы мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр 7,7 магнитудад хүрсэн газар хөдлөлтөөс дөрвөн цагийн дараа 6.6 болон 6.3 магнитудын газар хөдлөлт дахин болсон билээ. Голомтын бүсэд нийт 322 афтершок буюу чичирхийлэл бүртгэгджээ.

Тайванийн Газар хөдлөлтийн төвийн тэргүүн асан Го Кайвэний онцолсноор, газар хөдлөлтийн хүч 1945 онд Японы Хирошима хотод 32 цөмийн бөмбөг хаясантай тэнцэхүйц байжээ.

Гэхдээ ийм их хүчтэй байгалийн гамшгийн хохирлын хэмжээ, хамгийн гол нь хүний амь хохирсон нь харьцангуй бага. Яагаад?

Газар хөдлөлт өглөөний оргил цагт болсон. Гэсэн хэдий ч автозамын хөдөлгөөнд бараг саад гарсангүй. Гамшгаас хойш хэдхэн минутын дараа эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургуульд нь хүргэн, хүмүүс ажилдаа явж байсныг Associated Press онцолж байлаа.

Шилдэг загвар

Тайвань нь газар хөдлөлтөд бэлэн байдлаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг гэж Миссури мужийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Стивен Гао онцолжээ. Арал дээр барилгын хатуу, чанга дүрэм, норм нэвтрүүлснээс гадна газар хөдлөлтийг мэдрэгч төхөөрөмжүүдийн дэлхийн түвшний сүлжээ байрлуулж, газар хөдлөлтийн аюулын талаарх олон нийтийг мэдээллээр хангах чиглэлээр өргөн хүрээний кампанит ажлыг тогтмол явуулдаг байна.

АНУ-аас Тайваньд суугаа элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Сандра Оудкирк Тайванийн ард иргэдэд хандсан мэдэгдэлдээ “Тайвань нь гамшгаас урьдчилсан сэргийлэх, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, хүмүүнлэгийн аврах ажиллагааг зохион байгуулах шилдэг загварыг дэлхий дахинд харууллаа” гэжээ.

Тайванийн хувьд газар хөдлөлт ховор үзэгдэл биш. Учир нь тус арал Номхон далайн галт цагаригийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. Манай гараг дээр болж буй ихэнх газар хөдлөлт Номхон далайн галт цагаригт бүртгэгддэг. Тайванийн арал нь Филиппин, Евразийн тектоник хавтангуудын уулзвараас холгүй оршдог байна. Тайваньд болдог ихэнх газар хөдлөлт хүн ам бага суурьшсан зүүн эрэг дагуу бүртгэгддэг.

Сургамж авсан нь

Тайваньчуудын 921 гэж нэрлэдэг 1999 оны газар хөдлөлт Тайванийн Засгийн газрыг барилгын дүрэм, норм болон байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах тухай хуулиа эргэн харахад хүргэжээ. 1999 оны есдүгээр сарын 21-нд болсон 7.2 магнитудын хүчтэй байгалийн гамшигт таван мянга гаруй барилга, байшин нурж, 2.4 мянган хүн амиа алдаж, 11 мянга гаруй хүн бэртэж, гэмтэж байв. 

Энэ гамшгаас хойш жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдөр Тайвань даяар байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах сургуулилтыг зохион байгуулдаг байна. Энэ өдөр иргэдийн үүрэн утсанд газар хөдлөлт, цүнами зэрэг байгалийн гамшгийн аюулын тухай мэдээлэл явуулж, сургуулиудад нүүлгэн шилжүүлэх сургуулилт зохион байгуулдаг байна.

Гэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын материал үйлдвэрлэгч Тайванийн “Alfa Safe” компанийн тэргүүн Тай Юнь-фа барилгын норм, дүрмийг чангатгаснаар арлын байгалийн гамшигт бэлэн байдлыг нэмэгдүүлсэн ч зарим барилгын компаниуд эдгээр нормыг зөрчсөөр байгааг шүүмжилжээ. Түүний хэлснээр, барилгын төсөлд өнөөг хүртэл хямд үнэд ач холбогдол өгч байгаа тохиолдолд чанарын талаар ярих боломжгүй.

Лондонгийн их сургуулийн коллежийн Зигги Любовски ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа Тайваньд нурсан барилгуудын гэрэл зургийг харахад эдгээр барилга нь орчин үеийн стандартад нийцээгүй нэлээн хуучин барилгууд байна. Харин газар хөдлөлтөд нуралгүй тэсвэрлэсэн ч хазайсан барилгууд нь бат бөх хийцээс илүү аз тохиосон байх талтай. Харин нурсан барилгуудын оронд орчин үеийн норм, стандартад нийцсэн шинэ барилгууд  баригдах нь гарцаагүй.

Бетон гэх мэт материал ашигласан барилга хазайж, хөдөлдөг. Төмөр бетон цутгалтаа стандартын дагуу хийхэд газар хөдлөлтийн явцад цуурч, зарим хэсгээрээ гэмтэх боломжтой ч барилгыг босоо байрлалд нь тогтоон барьсаар байдаг аж.

Ажлын уялдаа холбоо

2018 онд арал дээр 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөхөд эрх баригчдын хариу арга хэмжээ тийм ч сайн зохион байгуулалттай байгаагүй. Тиймээс Тайванийн эрх баригчид үүнээс сургамж авсан нь саяхны гамшгаас харагдаж байна. Тухайлбал, засгийн газрын болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа сайжирчээ.

Энэ удаад газар хөдлөлтөд хамгийн ихээр өртсөн Хуанлянь хотын төвийн дүүргүүдээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллага, цагдаа болон бусад холбогдох байгууллагууд дараа дараагийн чичирхийлэлд нурахаас нь урьтаж, барилгуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай, зохион байгуулалттай гүйцэтгэжээ. Өмнө нь ажлын уялдаа холбоо, зохицуулалт байгаагүйн улмаас бүгд нэг л ажлыг давхцуулан гүйцэтгэж байсан бол энэ удаад баг бүр өөр өөрийн үүрэгтэй ажилласан байна.

Юунд ч бэлэн бай

Тайваньд байгалийн гамшигт хариу үйлдэл үзүүлэх системийг өндөржүүлсэн бэлэн байдалд байлгах бас нэг шалтгаан бий. Энэ нь Тайваньд байнга цэргийн болон улс төрийн дарамт үзүүлдэг Хятадын зүгээс ирэх болзошгүй дайралт.

Үүрэн утас руу аюулын дохио дамжуулдаг газар хөдлөлтөөс сэрэмжлүүлэх системийг Тайванийн Засгийн газрын Хятадын агаарын довтолгооноос сэргийлэхэд ашигладаг.

2022 онд байгуулагдсан Тайванийн тоон технологийн яам харилцаа, холбооны сүлжээний тогтвортой ажиллагааг хангах асуудлыг хариуцдаг. Өнгөрсөн долоо хоногт болсон газар хөдлөлтийн дараа интернэт холбоонд гэмтэл бараг гараагүй гэж мэдэгджээ.

Тайванийн хот, сууринуудад байгалийн гамшгийн үеэр шуурхай ажиллах аврагчид тасралтгүй ажилладаг. Жишээ нь, саяхны газар хөдлөлт болсноос хойш нэг хүрэхгүй цагийн дотор арлын өмнөд хэсэгт байрладаг Гаосюн хотын эрх баригчид Хуалянь руу аврах багуудаа илгээжээ. Эдгээр багууд гамшигт нэрвэгдсэн дэлхийн өнцөг буланд дайчлагдан, ажилладаг байна. Өнгөрсөн онд гэхэд тэд асар хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Туркт ажиллаж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 08

Манайх бол баларноо газар хөдлөлт холуур өнгрөөсэй

0  |  0
Top