“Өглөөний сонин” “Grand Awards-2023” наадмын “Оны шилдэг өдөр тутмын сонин”-оор шалгарав

2024 оны 01 сарын 08

Монголын өдөр тутмын “Өглөөний сонин” “Grand Awards-2023” наадмын Хэвлэл мэдээллийн салбарын “Оны шилдэг өдөр тутмын сонин”-оор шалгарлаа.

Монголын маркетинг менежментийн хүрээлэн шинэ оны босгон дээр 14 дэх удаагаа “Grand Awards” наадмыг зохион байгуулсан юм. Нийгмийн бүх салбарт ололт амжилтаа бататгасан аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг нэрлэдэг энэхүү арга хэмжээ нь бизнесийн олон жилийн туршлагатай компаниудын хэрэгжүүлж буй дэвшилтэт технологиудыг онцолдог билээ. Мөн залуу бизнес эрхлэгчдэд инноваци, ялгарлаа таниулах боломж олгодог юм. “Хөгжлийн сэргэлт” гэсэн уриатай “Grand Awards-2023” наадмын шилдгийн нэгээр “Эрхэт Монгол медиа холдинг” группийн “Өглөөний сонин” ийнхүү шалгарлаа. Монголын өдөр тутмын “Өглөөний сонин” нь сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн байр суурийг баттай эзэлсэн мэргэжлийн байгууллага болон тасралтгүй 17 жил үйл ажиллагаа явуулж, 4000 дахь дугаараа өнгөрөгч 12 дугаар сарын эхээр уншигч олондоо өргөн барьсан билээ.

“Эрхэт Монгол медиа холдинг” групп, “Өглөөний сонин”-ы хамт олон 2023 онд “Сурагчдын үдийн цайг сүү, сүүн бүтээгдэхүүнээр баяжуулъя” цуврал нийтлэл, сурвалжилга, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын тухай, гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгтэй тухай болон соёлын өвийг хамгаалах бодлого дутагдаж буй талаар асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийг олны хүртээл болгож ирсэн юм. Мөн “Нүүрсний үнэн” цуврал нийтлэл, сурвалжилгыг уншигчдадаа хүргэсэн билээ. Эдгээр ололт амжилтыг үнэлж дээрх шагналыг тус сонинд хүртээжээ.

Д.ОЮУН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top