Алдартай юүтүбэр бүсгүй хорт хавдрын улмаас ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 30

 

Өмнөд Солонгосын алдартай юүтүбэр 54 настай Коко Чой хорт хавдрын улмаас таалал төгсжээ. Арваннэгдүгээр сарын 24-нд түүний юүтүб суваг дээр "Coco Unnie, We Will Always Remember You" хэмээх тайлбар бүхий бичлэг орж түүнийг нас барсан тухай олон нийтэд мэдээлжээ. 

Уг бичлэгт Коко Чойг арваннэгдүгээр сарын 18-ний өдөр таалал төгссөн болохыг дурдсан байна. Талийгаач 2023 оны хавар остеосаркома өвчтэй хэмээн оношлогджээ. Энэ сард сүүлчийн хими эмчилгээндээ орсон түүний биеийн байдал дээрдэж, эдгэрч байсан ч харамсалтай нь биеийн байдал нь гэнэт муудаж, таалал төгсжээ. 

Түүний эрүүл мэндийн байдлын талаар үзэгчид нь мэдээгүй байсан тул ихэд цочирджээ. Өнгөрөгч есдүгээр сард юүтүб хуудаснаа бичлэг хийхээ түр завсарлах тухайгаа дурдсан тэрээр нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө шинэ бичлэгийн ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд байжээ. 

Coco Choi суваг 2020 онд нээгдсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд 88 мянга орчим дагагчтай болсон Коко тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнүүд танилцуулахаас гадна амьдралынхаа хэв маягийг сонирхуулдаг байсан бөгөөд үзэгчид нь Коког "Тансаг зэрэглэлийн эгч" хэмээн нэрлэдэг байсан аж. 

Юүтүб суваг ажиллуулахаас гадна "1423 Naïve Water" нэрийн дэлгүүр болон "Vue Du Parc" хувцасны брэндийн эзэн болсон түүнийг үүрд санан дурсах болно хэмээн шүтэн бишрэгчид нь эмгэнэл илэрхийлсээр байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top