Ч.Даваабаяр: 2030 он гэхэд 600 сая ажлын байр шаардлагатай болно

2023 оны 06 сарын 28

Сүхбаатарын талбайд энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд болж буй “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023”  үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлт өчигдөр /2023.06.27/ боллоо. Нээлтийн үйл ажиллагааг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар нээж үг хэллээ. Харин зочноор Олон Улсын Худалдааны төвийн гүйцэтгэх захирал Хатагтай Памела Кок Хамилтон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон хөгжиж буй жижиг арлын орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч  Хатагтай Рабаб Фатима,  Дэлхийн Экспортыг дэмжих форумд оролцогч гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид болон монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоологчид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үзэсгэлэнгийн нээлж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улсын худалдааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Дэлхийн экспог дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулж байна.

Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгжүүд, олоон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг авсан аж ахуйн нэгж болон экспортлогч энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүнээ холбооны түнш орнуудад танилцуулдаг.

Арьс шир, ноос ноолуур, органик хүнс, оёмол бүтээгдэхүүн, мэдээллийн технологи болон гар урлалын чиглэлээр дотоод гадаад, дотоодын 200 гаруй аж ахуйн нэгж энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байна.

Хөгжиж буй орнуудын зах зээлийн хувьд ихэнх ажлын байрыг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бүрдүүлдэг буюу 10 ажлын байр тутмын долоог  нь бий болгодог гэсэн тооцоо судалгаа бий. Дэлхийн Банкны тооцоолсноор 2030 он гэхэд өсөн нэмэгдэж буй ажиллах хүчнийг шингээхэд 600 сая ажлын байр шаардлагатай болж байна.

УИХ-аас 2021 онд Хоршоологчдын тухай хуулийг шинэчлэн баталж, Монгол Улсын Засгийн газрын 81 дүгээр тогтоолоор 2022 оны хоршооллын хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр загвар хоршооллыг байгуулах, хоршооллын хөгжлийн үнэлгээг хийж, жижиг хоршоодын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллах санал санаачилгыг дэмжин ажиллаж байна." гэлээ.

“Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр ХОРШООЛОГЧДЫН ӨДРӨӨР үргэлжилнэ.

_

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ирина(193.232.238.250) 2023 оны 06 сарын 29

Резьба по дереву в юрте прекрасна.

0  |  0
Ман(192.82.67.85) 2023 оны 06 сарын 29

Юун баримжаагүй юм ярьдаг гар вэ, юун 600 сая ажлын байр, эрүүл юмуу, согтуу юм уу

0  |  0
Top