Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Таехюн Ли томилогдлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 24

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Таехюн  Ли томилогдлоо.

Суурин төлөөлөгч Ли засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад хамтрагч талуудтай хийх Дэлхийн банкны бодлогын хэлэлцүүлгийг залан чиглүүлж, Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын баг хамт олныг удирдан ажиллах аж.

Тэрбээр Монгол Улс КОВИД-19 цар тахлын хямралыг богино хугацаанд даван туулж, ирээдүйд илүү тогтвортой, хүртээмжтэй, уналтад тэсвэртэй байдлаар сэргэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Дэлхийн Банк Группийн 2021-2025 онд Монгол Улстай хамтран ажиллах түншлэлийн хүрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавин ажиллана.

Суурин төлөөлөгч Ли 2013-2017 онд Улаанбаатар хотод Монголыг хариуцсан Ахлах эдийн засагчийн албыг хашиж байх хугацаандаа макро эдийн засаг болон төсвийн бодлого, санхүүгийн салбарын хөгжил, төрийн санхүүгийн удирдлага, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих стратеги болон бүтцийн шинэчлэлийн чиглэлээр Дэлхийн банкны хамтын ажиллагааг хариуцаж байв.

Суурин төлөөлөгчөөр томилогдохын өмнө тэрбээр Непал, Шри Ланка, Мальдив улсын Хүртээмжтэй өсөлт, Санхүү, Байгууллагын салбар хариуцсан улсын ахлах эдийн засагч, хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байв. Таехюн Ли 2010 оноос Дэлхийн банканд ажиллаж байна.

Таехюн Ли Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл дэх Вашингтоны Их Сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг (Ph.D.) хамгаалсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top