Шинэ ТОП 100 ба Хувийн хэвшлээ ДАРХЛААЖУУЛАХ БОДЛОГО

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 19

Хувийн хэвшлийнхэн улс орны нийгэм, эдийн засгийн салбарын ачааны дийлэнхийг үүрдэг болохыг статистик үзүүлэлтүүд бэлхнээ харуулдаг. Түүнчлэн өчигдөр шинээр тодорсон Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 38.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж, Монгол Улсын ДНБ-ий 73 хувьтай дүйцэж, нийт 4.3 их наяд төгрөгийн татвар төлсөн нь нийт татварын орлогын 28 хувьтай тэнцсэн нь үүний тод жишээ.

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөх ёслолын үйл ажиллагааг 22 дахь жилдээ зохион байгуулсан юм.

2022 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг  эрэмбэлэхдээ төрийн өмч давамгайлсан ААН-ийг оролцуулаагүй бөгөөд 51 ба түүнээс дээш хувь нь хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлд үндэслэн эрэмбэлснийг  яах аргагүй онцлох хэрэгтэй.

Энэ бол төр, хувийн хэвшлийн эрүүл түншлэлийг нутагшуулахад тухайлан анхаарч, реформын шинжтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилга аж.

Том зургаар нь харвал, хувийн хэвшлийн эдийн засаг дахь үүрэг ролийг тодотгохын сацуу бизнесүүдийн улс төрөөс, бүлэглэлээс хамаарах хамаарлыг бууруулах, илүү дархлаажуулахад чиглэсэн бодлогын шийдвэр болж харагдаж буй юм.

Мөн энэ удаагийн ТОП 100-д анх удаа уул уурхайн бус экспортын салбарыг уул уурхайн салбараас тусад нь ангилж, шилдэг старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг шинэ салбарын аж ахуйн нэгжүүдийг  бодлогоор дэмжихийг эрмэлзсэнийг Ерөнхий сайд онцолж байсан. Энэ нь хөгжлийн трэндээ мэдэрсэн, түүнчлэн дээрх чухал салбарууд дахь мянга мянган залууст эх орондоо хөдөлмөрлөх, илүү ихийг  бүтээх итгэл найдвар өгч буй явдал юм.

Ерөнхийд нь Засгийн газраас баримталж байгаа  бодлого, гаргаж буй шийдвэрүүд, өргөн барьж буй хуулиудыг харахад хувийн хэвшлийг дэмжихэд тухайлан төвлөрч байна.  Нийтийн албаны тухай хууль гэхэд  улс төрчид, эрх мэдэлтнүүдийн  эрхийг хязгаарлаж байгаа мэт харагдаж байгаа ч ндсэн зорилго нь хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж байгаа нь ойлгогдож буй юм.

Сүүлийн статистик харахад, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 1 сая 125 мянган хүн ажиллаж байгаагийн 22 хувь нь төрийн албанд, 74 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Тэгэхээр энэ Засгийн газраас хувийн хэвшлээ дархлаажуулахад чиглэсэн арга хэмжээнүүд авч байгаа нь хөдөлмөрийн зах зээл дэх зуу зуун мянган хөдөлмөр эрхлэгчдэд ээлээ өгнө гэсэн үг юм.

Ерөнхий сайд өчигдөр ТОП аж ахуйн нэгжүүдийг тодруулахдаа ”Цар тахлын болон геополитикийн энэхүү ээдрээт цаг үед улс орон бүхэн өөрийн давуу болон сул талыг эргэн дүгнэн хэлэлцэж, иргэд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа зөвшилцөж байна. Нэн эгзэгтэй цаг үед ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан хувийн хэвшлийнхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье”  гэсэн. Мөн цар тахлын хүндрэлийг хамтын хүчээр даван туулсан шиг, үнийн өсөлтийг багасгах үйл хэрэгт “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж хувь нэмрээ оруулахыг уриалсныг тодотгоё.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.177.196) 2023 оны 05 сарын 19

halh mongolin atman galzuurad uslere muuhai oirlod uilad aa

0  |  0
Top