Монгол-Туркийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 19

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр /2023-05-18/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзаж хоёр орны найрамдалт харилцаа, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд БНТУ-ын Засгийн газраас Туркийн Олон улсын хамтын ажиллагааны агентлаг-ТИКА-аар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хөгжлийн болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг шинэчлэх ажлын явцын талаар мэдээлэл өглөө.  



Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, оношилгоо эмчилгээний чадавхыг сайжруулах чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаа бөгөөд манай улсын томоохон эмнэлгүүд тодруулбал, УНТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд БНТУ-ын эмнэлгүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг батлуулан, түүний хүрээнд нилээдгүй ажил хийж буй талаар сайд яриандаа онцлон дурдсан.


Тэрбээр мөн Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байгаа өвчин эмгэгийг эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, дотооддоо хийж буй эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх, хүрээг нь өргөжүүлэх тал дээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын төсөл хамтран хэрэгжүүлэх, Туркээс нарийн мэргэжлийн эмч нарын мэргэшсэн баг ирүүлж ажлын байрны сургалт явуулах, хамтарсан судалгааны ажил хийх зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
С.Чинзориг сайд мөн эмч, сувилагчийг урт, богино хугацааны сургалтанд хамруулж чадавхийг бэхжүүлэх, шинэ технологи, эмчилгээний арга зүй эзэмшүүлэх,  давтан сургах хэрэгцээ шаардлага байгаа тул энэ чиглэлд Турк улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ялангуяа орон нутгийн эмч, сувилагчийг нэн тэргүүнд хамруулах хүсэлтэй байгаагаа ч хэлсэн.



Элчин сайд Зафер Атеш Турк улс ахан дүүсийн найрсаг харилцаатай, үүх түүхийн холбоо хамааралтай Монгол Улстай  бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байдаг бөгөөд энэ хүрээнд хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцээрийг тун удахгүй шинэчлэн байгуулснаар үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөтэйгөөр бүхий л шатанд идэвхтэй хамтран ажиллах боломжтйо болно гээд Эрүүл м эндийн сайдын тавьсан санал нэг бүрийг холбогдох яамд руугаа илгээн нааштайгаар шийдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ хэлсэн юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top