Б.Чинзориг, Б.Мишээлт хоёр дэлхийн медальтны эгнээнд орлоо

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 11

Cонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдаж байна.

Өчигдөр 13 жин тус бүрийн урьдчилсан тулаанууд өндөрлөж, медалийн эзэд тодорлоо.  Хагас шигшээ тоглолтууд 12-нд явагдаж, финалын тулаанууд 13, 14-нд болно.

Өчигдөр манай хоёр боксчин медалийн төлөө тулалдаж, хоёулаа ялалт байгуулж, хүрэл медалийн болзлоо биелүүлсэн. Цаашдаа медалийн өнгө хувиргах тоглолтууд хийх болно.

67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт Алжирын Х.Крамауг 5:2, Армений Г.Мадояныг 4:3-аар ялж, шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн наймд мэргэжлийн дэвжээнд тулалдаж байсан Венесуэлийн Кристиан Паласиотой өрсөлдлөө. Эхний үед 5:0 хожигдсон ч хоёрдугаар үед илт илүүрхэж, Венесуэлийн тамирчны хөмсөг задарсан тул шүүгчид тулааныг зогсоож, манай тамирчин ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа.
 

Мөнгөн медалийн төлөө Узбекистаны Asadkhuja Muydinkhujaev-тай өрсөлдөнө.
 


63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0-ээр ялж, оноо алдалгүй медалийн төлөөх тулаанд шалгаран үлдсэн.
 


Шөвгийн наймд олимпын 3 хүрэл медальтай, дэлхийн 3 удаагийн аварга, Панамерикийн 3 удаагийн аварга тамирчин Кубын алдарт Ласаро Альварестай гар зөрүүлж, 4:1 харьцаатай буулгаж авсан.
 


Б.Чинзориг зургаа дахь ДАШТ-дээ оролцож, гурван удаа медалийн төлөө шалгарсны эцэст Дэлхийн медальтан боллоо.

Манай тамирчин мөнгөн медалийн төлөө Тажикстаны боксчин, Ази тивийн аварга Б.Усмоновтой 12-нд тулалдах болно.
 


Монголын боксын эрэгтэй шигшээ баг 14 жилийн дараа дэлхийн хос медальтантай боллоо. Манай хоёр тамирчин хүрэл медалийнхаа өнгийг нь өөрчлөхийн төлөө тулалдах болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонирхогч дэмжигч(103.242.47.230) 2023 оны 05 сарын 12

ТВ-ЭЭР эмэгтүйчүүдийн дэлхий аварга шиг үзүүлчихээч гуйж байна

0  |  0
mgl(122.201.22.35) 2023 оны 05 сарын 11

goe shuu avargiig yalj avarga bolno.

0  |  0
Top