ХӨГЖЛИЙН БАНК: Шүүх хуралдаан маргааш үргэлжилнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.04.17/ өглөө "Улаанбаатар" чуулгын байранд эхэлсэн.  

Үдээс өмнөх шүүх хуралдаанд прокурор 6, шүүгдэгч 79, иргэний хариуцагч 6, шүүгдэгчийн өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1, хохирогч 8, гэрч 18, шинжээч 2 нийт 192 оролцогч ирсэн.

Тиймээс шүүгдэгч Б.Будхүү, "Ган хүдэр орд" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нар хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас Цагдаагийн байгууллагад хандаж, хоёр шүүгдэгчийг албадан авчруулснаар 13.30 цагаас хурал үргэлжиллээ.

Хуралдааны үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах, зарим хэргийг тусгаарлах, гэрчүүдийг байлгах зэрэг санал гаргаж байв. Түүнчлэн уг шүүх хуралдаан нь олон яллагдагчтай, удаан хугацаанд үргэлжлэх учраас товлогдсон шүүх хуралдаануудыг өдрийн цагаар буюу 08.30 цагаас 18.00 цаг хүртэл үргэлжлүүлэх саналыг мөн гаргасан юм.

Улмаар шүүх бүрэлдэхүүн хурлыг маргааш үргэлжлүүлэхээр болж, завсарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top