ХАВТАСТ ХЭРЭГ: Н.Алтанхуяг Хөгжлийн банканд 44.3 тэрбум төгрөгийг хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 28

АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт дөрвөн хуулийн этгээд, 80 хүнийг яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 17-нд товлоод байна. Дээрх хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан 80 хүн дотор Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын дөрвөн УИХ-ын гишүүн бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Норовийн Алтанхуяг нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Н.Батбаяр, Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нартай бүлэглэж, эрх мэдлээ ашиглан Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагджээ. 


Хавтаст хэрэгт дурдсанаар: Яллагдагч Норовын Алтанхуяг нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нартай бүлэглэн “Энержи ресурс” ХХК-ийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 745 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нь хүлээн авч маргааш нь буюу 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлаар хуралдаанаас гарах шийдвэрийн төсөл, үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүдэд урьдчилж танилцуулаагүй, эдийн засгийн тооцоо, судалгаагүй, холбогдох яам, Засгийн газрын гишүүдээс санал авалгүйгээр "Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” танилцуулга хийж, хэлэлцүүлсэн. 

Тус хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын зарим гишүүд “мөнгө гаргасан нь шатна, тэр замаар яваад экспорт бидний хүссэн хэмжээд очихгүй, ашиг олохгүй, эрсдэлийг бүх компаниудад жигд үүрэлцүүлэх” гэсэн байр суурийг илэрхийлж, эрсдэлийг тодорхойлж байхад ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг нь “Өнөөдөр шийддэгээрээ шийднэ. Явцын дунд ярь” гэж хэлэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай тогтоолоор “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эрдэнэс МГЛ" ХХК-ийн мэдэлд шилжүүлэх” тогтоолын төслийг хэлэлцүүлж шийдвэрлэсэн нь албан үүрэг болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасан “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомжид нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэснийг, Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 7-д заасан “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино” гэснийг, Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно” гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг, Мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 5.1.4-т заасан “төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна” гэснийг, Мөн журмын 6.1-т заасан “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-оос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэснийг тус тус зөрчөн болох нь тогтоогджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг гаргаж шийдвэрлэн “Энержи ресурс" ХХК болон түүний хамаарал бүхий “Говийн зам” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон нь тогтоогдсон байна. Улмаар Н.Алтанхуяг, Н.Батбаяр нараас өгсөн хууль бус үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар нь Таван толгой-Гашуун сухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи Ресурс” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахтай холбогдуулан эдгээр байгууламжуудын худалдан авах үнийг тогтоох зорилготой ажлын хэсэг байгуулсан. Үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтээр автозамын өртгийг 122,336,152,483 төгрөгөөр үнэлсэн байхад банкнаас зээл авсантай холбоотой 20,607,370 ам долларыг нэмж /нэг ам долларыг 1723,22 төгрөгөөр тооцсон/ тооцох үүргийг өгч, нийт 157,847,184,614 төгрөгөөр, Гашуун сухайт боомтын өргөтгөлийн ажлыг 12 748,295 088 төгрөгөөр тогтоолгосон.  Улмаар Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нь 2013 оны 12 дугаар сард Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн автозам, Гашуунсухайт боомтын дэд бүтцийг шилжүүлэх гэрээ байгуулагдсаны дараа дээрх 2 гэрээний төлбөр 170,595,479,703 төгрөгийг төлөх зорилгоор худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар оруулж Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа учраас эх үүсвэр нэмэгдсэн нөхцөлд Зээлийн хорооны хурлаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн тухайн асуудлыг Зээлийн хороо 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин хэлэлцэж Төлөөлөн удирдах зөвлөлд 1. Вексель бичих, 2. Улсын төсөвт санхүүжилтийг суулгах талаар Засгийн газарт хандан, тогтоол гаргуулах, 3. Холбогдох гэрээнүүдийг байгуулах зөвшөөрөл авахаар хандсаны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар “төлбөрийг санхүүжүүлэх тухай Зээлийн хорооны шийдвэрт заасан нөхцөлийг дэмжиж, уг санхүүжилтийн эргэн төлөлтийг улсын төсөвт тусган төлүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулах, зээлийн нөхцөлийг Зээлийн хороогоор дахин хэлэлцэж санхүүжүүлэхийг Н.Мөнхбатад зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр улсын төсөвт санхүүжилтийг суулгах тогтоол гаргуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох, зээлийн гэрээ байгуулан вексель бичиж 170,595,479,703 төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.  Улмаар зээлийн хорооны шийдвэр биелэгдээгүй, уг санхүүжилтийн эргэн төлөлтийг улсын төсөвт тусгах ажлыг зохион байгуулалгүйгээр буюу улсын төсөвт санхүүжилтийг суулгах тухай Засгийн газрын тогтоол гараагүй, барьцаа хөрөнгө нь хангалттай болоогүй байхад зээлийн хорооны болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлуудаар хэлэлцэгдсэн эрсдэлийг өөрийн байгууллагадаа шууд үүрүүлэн Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар нараас өгсөн хууль бус үүргийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нь 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан зээл олгосон нь албан үүрэг болох холбогдох хуулиудыг зөрчжээ.

Улмаар 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын зөвшөөрлөөр 170,595,479,703 төгрөгийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн 3600000771 тоот данс руу шилжүүлэн “Энержи ресурс”, “Говийн зам” ХХК-уудаас бодит өртгөөс илүү үнээр замыг нь худалдан авч Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулж буюу “Говийн зам”, “Энержи ресурс” ХХК-нд зөрүү 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон, энэ гэмт хэргийг үйлдэхдээ улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байхдаа үйлдсэн,1.2. Мөн үргэлжилсэн үйлдлээр Норовын Алтанхуяг нь нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2011 оны Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэж, 7-д “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино” гэж, Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын Тав /Хуралдаанд хэлэлцүүлэх асуудалд санал авав/-ийн 5.1.4-т “төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна” гэж, Мөн журмын Зургаа /Хуралдаанд хэлэлцэх асуудлыг Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх/-ийн 6.1-д “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-оос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг батлан гаргаж, “Бэрэн групп” ХХК-ийн.хэрэгжүүлэх төсөлд зээл олгох давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн,

Улмаар “Бэрэн групп” ХХК-аас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн хороо нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэхдээ Эрсдэлийн удирдлагын газрын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/14/417 дугаартай Зээлийн саналд хийсэн эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, Зээлийн газрын Байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын ОВЮ банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй" гэж дурдсаныг мэдсээр байж “Бэрэн групп” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгох эсэхийг шийдвэрлүүлэхээр тус банкны Төлөөлөх Удирдах Зөвлөлийн хурлыг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулж, “Бэрэн групп” ХХК-ийн Эрдэнэт хотод хэрэгжүүлэх “Барилгын арматурын үйлдвэр”- ийн төсөлд зээл олгох тухай 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр гаргуулан, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нь гарын үсэг зурж баталгаажуулан, Монгол Улсын Хөгжлийн банк болон “Бэрэн групп” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3-АҮ-ХО 2014-11 дугаартай 22,700,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй “Зээлийн гэрээ”-г Монгол Улсын Хөгжлийн банкийг төлөөлөн зээлийн гэрээг байгуулж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21- ний өдрийн хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311 962,051.84 төгрөгийг “Бэрэн групп” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкан дахь данс руу шилжүүлэн олгож, “Бэрэн групп” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Монгол Улсын Хөгжлийн банканд 44,311,962,051.84 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.70) 2023 оны 03 сарын 29

Манай хүн ч бас л ганган ярина шүү. Өр зээлийыг хүүхдүүд маань төлчихнө л дөө гээд л.

0  |  0
Зочин(66.181.186.12) 2023 оны 03 сарын 28

Алтанхуяг бонд гаргаж улс төрчид МАН, АН хувааж идээд өрийг нь Монголчуудын хойч үеэр төлөөүлнэ гэсэн. Одоо Монголын ирээдүй хойч үе түүний өрийг төлцгөө.

0  |  0
nma zaha(64.119.21.19) 2023 оны 03 сарын 28

humuuse nogodh eruugin resedib gejile nimaa eniunige

0  |  0
zochin(64.119.21.19) 2023 оны 03 сарын 28

uhjisen huure chi pruna uhtelen aidag shuu tee.

0  |  0
Зочин(103.212.117.173) 2023 оны 03 сарын 28

Алтанхуягийн Ерөнхий сайд хийх гэж хашаа харсан юм байхав дээ. Баас,баас,баас

1  |  0
зочин(202.126.90.30) 2023 оны 03 сарын 28

адгийн шаар юмаа Алтанхуяг

1  |  0
Top