ХАРАХ ӨНЦӨГ I Давхар эрүүдэн шүүхээ зогсооё

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжууд нь нэгдсэн Үндэсний байгууллагаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Олон улсын конвенци болон Монгол Улсын Үндсэн хуульд харшлахааргүй байх ёстой билээ.

Нэгдсэн Үндэсний байгууллагын ерөнхий Ассемблейн 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр 217/А/III/ тогтоолын 11 дүгээр зүйлийн 2-т “Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдэхүйг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарах тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй.”

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 10 дугаар зүйлийн 10.2-т: “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, 2 дугаар бүлгийн 19 дүгээр зүйлийн 19.1-т: “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”, “Төрийн албаны тухай хууль”, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т: “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.”

Иргэний хэргийн шүүхийн захирамж болон эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын дагуу төлбөрт барагдуулах хөрөнгийг ШШГт Хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу зах зээлийн үнэлгээг гаргадаг. Мөн тус хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т заасны дагуу зах зээлийн үнэлгээ гарсан хөдлөх хөрөнгийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар, 65.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар борлуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу дуудлага худалдаанд орж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т заасан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 болон 177 дугаар зүйлийн 177.4-р заалтуудыг баримтлан дуудлага худалдаанд оруулан зах зээлийн үнээр үнэлэгдсэн хөрөнгийг анхны дуудлага худалдаагаар 70 хувь, хоёр дахь дуудлага худалдаагаар 50 хувь бууруулан зарна гэсэн хуулийн заалт нь иргэний хариуцагч болон эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор төлбөр төлөгч болсны хувьд иргэний санхүүгийн эрх зүйн чадамж болоод хууль эрх зүйн чадамжийг бууруулж байгаа нь Үндсэн хууль, Олон Улсын конвенцитой нийцээгүй хуулийн заалт гэж үзэн гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөдлөх хөрөнгө нь зах зээлийн үнээр зарагдах боломжтой байхад хөдлөх хөрөнгөөс давуу үндсэн шинжүүдтэй үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлсэн үнээс 70, 50 хувь багасган худалдаалах нь шүүхийн шийдвэрээр гарсан хор уршиг, гэм хохирлыг төлөхөд хангалтгүй нөхцөлийг бүрдүүлж буй бөгөөд нөгөө талаас иргэний нэхэмжлэгч, хохирогч нар гарсан төлбөрөө бүрэн барагдуулан авах бололцоог хаагдуулсанаар Олон улсын Конвенци болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. Зүй нь бол зах зээлийн үнэлсэн үнэлгээгээрээ иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын төлбөрийг барагдуулах түүнчлэн зах зээлийн үнэлсэн үнэлгээнээсээ дээш буюу хөдлөх хөрөнгөтэй адил дуудлага худалдаанд орох боломжтой гэж дүгнэж байна.

Хоёрдугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т: “Нээлттэй хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т: “Хаалттай хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна.” гэжээ. Шүүхийн шийтгэх тогтоолд хаалттай хорих ангид болон нээлттэй гэж тодорхойлж, мөн хугацаа заасан шийтгэх тогтоолыг шүүхийн шийдвэр гарсанаас хойш нээлттэйгийн тусгай, хаалттайгийн тусгай гэж ангилан эрх зүйн байдлыг дордуулж буй Олон улсын конвенци, болон Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж, хүнийг дахин яллаж буй тод илрэл гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Ингэж хөрөнгийг үнэгүйдүүлж хөрөнгийг худалдан борлуулж байгаа үйл явц нь цаагуураа далд эдийн засгийг хөгжүүлж, шүүхийн шийтгэх тогтоолоор шийдэгдсэн төлбөр төлөгчийн хөрөнгийг зориудаар булаан авах гэсэн бүлэглэл байна гэж үзэж байна.

Хуулинд ийм заалт байгааг мэдсээр атлаа өөрчлөн шинэчлэхгүй байгаа нь эрх баригчид хууль бус үйлдлийг гүйцэтгэдэг бүлэглэлийг хамгаалж байгаагийн нэг хэлбэр юм.Үндсэн утгаараа төлбөр төлүүлэх зах зээлийн үнэлгээ гарсан хөрөнгийн үнийг бууруулан худалдах, шийтгэх тогтоолд заасан нээлттэй, хаалттай гэж заасан шийдвэр гарсанаас хойш тусгай нэгжид яллан хорьж байгаа хуулийн заалтууд нь шүүхийн шийдвэр гарсанаас хойш хүнийг дахин яллаж буй үйлдэл гэж үзэж байна. Иймээс миний бие энэхүү нийтлэлээ Үндсэн хуулийн цэцэд бас хандан гаргасан байгаа болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.81.167) 2023 оны 02 сарын 07

үхсэн элэнцгийн чинь давхар эрүүдэн шүүлт вэ

0  |  0
Top