Толгойт гол орчимд 100 гаруй айл МАШ ХҮНД байдалд байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, айл, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл гарсаар байна. 


Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа үүсээд буй нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.
 

-Халиа тошин үүссэн байршилд хэдэн айл байна вэ?

-2100 орчим айл бий. Яг одоогоор Толгойт гол орчимд 100 гаруй айл маш хүнд байдалд, 10-15 айл усанд автсан байна. Шуурхай баг гарган ажиллаж, шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авч байна.

-Зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус, мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй байршилд амьдарч буй айлуудыг нүүлгэн шилжүүлэх боломжтой юу?

-Манай газар бүх дүүргийн захиргаа, газрын албатай хамтран ажилладаг. Эрсдэлтэй бүсэд суурьшсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг олон удаа хөнддөг. Гэхдээ иргэд нэгэнт суурьшиж дассан газраасаа нүүх боломжгүй гэсэн хариу өгдөг. Ташрамд, жалга, сайр, булаг шанд, гол горхины орчимд болон үерийн хамгаалалтын далан, сувагт оршин суухгүй байхыг иргэдэд уриалж байна.

-Халиа тошинтой холбоотой дуудлага хэр олон ирж байна вэ?

-Манай байгууллага 141 ажилтантай, өдөр бүр баг гарган ажиллаж байна. Өдөрт 1-10 дуудлага хүлээн авдаг, дуудлагын дагуу газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авдаг.

Халиа тошин үүссэний улмаас зарим авто зам, гүүр усанд автаж, цас мөсөнд дарагдсан. Эдгээрийг гараар цэвэрлэж, ус чөлөөтэй урсгах боломжтой болгодог. Ийм газруудад хөрс, усны бохирдол ихтэй, нөхцөл байдал амаргүй, мөн машин техник багтахгүй, заавал хүн орж цэвэрлэхээс өөр аргагүй үе олон гарч байна. Нэг талаас ийм нөхцөлд ашиглах техникийн хангамжийг нэмэгдүүлэх, нөгөө талаас ажилчдынхаа хөдөлмөрийн нөхцөлийг дээшлүүлэхэд анхаарах шаардлага зүй ёсоор тулгардаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top