Э.Бат-Амгалан: Сэтгэл санааны нөхөн төлбөрийг тооцдог боллоо

2023 оны 01 сарын 11

Шүүх шинжилгээний шинэ хуулийн талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өчигдөр /2023.01.10/ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэе. 

Тодотгоход, эл мэдээллийг хийснийхээ дараа тэрбээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд согтуу оролцсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа. Хэрвээ энэ нь үнэн бол "Гишүүний ёс зүйн дүрэмд заасан хариуцлагыг хүлээнэ" гэдгийг УИХ-ын ёс зүйн асуудал хариуцсан эх сурвалж мэдэгджээ. 


УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Шүүх шинжилгээний шинэ хуулийн талаар "Засгийн газраас Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд Ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Б.Жаргалмаа, П.Сэргэлэн, Л.Мөнхбаатар, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд ажилласан. Мөн шүүх шинжилгээний байгууллагын мэргэжлийн баг 7-8 сарын хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг явуулсны эцэст УИХ-аар тус хуулийг эцэслэн баталсан. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэдээлэлдээ ”Шүүх шинжилгээний  тухай хууль  2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн гол зорилго нь хэрэг маргааныг үнэн бодитоор шийдвэрлэх, нийгэмд гарч буй гэмт хэрэг, маргааныг шинжээчийн дүгнэлтийн дагуу бодитой шийдвэрлэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэг маргаанд оролцогч, холбогдогчид ял завшихгүй байх, нөгөө талаар тэдгээр хүмүүс хэлмэгдэхгүй байх асуудлыг зохицуулна. Тус хууль нь шүүхийн шинжилгээ хийх журмыг нарийвчлан зохицуулахаас гадна өнөөгийн нийгэмд тулгамдаж буй орчин үеийн  хөгжлийг дагасан инженер, техникийн болон цахим технологийн асуудлууд, хөрөнгийн үнэлгээний асуудал зэрэг нарийн, тусгай мэргэжил шаардсан шинжилгээний талаарх зохицуулалтуудыг тусгаж өгснөөрөө онцлог.

Мөн хүрээлэн байгаа орчинд хохирлын үнэлгээ хийх нэгжийг шинээр байгуулсан. Шүүх шинжилгээний ерөнхий газарт анх удаа Монгол Улсад хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг хийх нэгжийг байгуулан ажиллаж байна. Ингэснээр хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирол, экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоож нөхөн төлүүлэх эрх зүйн үндэс нь бүрдсэн давуу талтай хууль болсон. Хуулийн гол амин судас, зарчим нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш сүүлийн 30 жилд иргэдийн дунд ихээхэн яригдаж ирсэн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх заалтыг эрүү, иргэний бусад хуультай зохицуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирсон хүний сэтгэл санааны хохирлыг эрүүгийн хуульд заасан 85 төрлийн гэмт хэрэгт нөхөн төлүүлнэ. Шүүх шинжилгээний байгуулага нь шүүгчийн дүгнэлтээр  шинжилгээг гаргана. Шүүх энэ дүгнэлтийг үндэслэн тухайн хохирсон иргэний сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлнэ.

Хуульд үүнийг сэтгэцэд учирсан хор уршиг гэж нэрлээд явж байгаа. Олон улсын практикт заасан сэтгэл санааны хохирлыг аргачлалын дагуу, жишээ нь нас барсан хүн дээр ямар нөхөн төлбөрүүд гарах вэ, хойно нь үлдэж байгаа ар гэр, үр хүүхдүүдэд ямар нөхөн төлбөр гарах вэ гэдэг практикт үндэслэн гаргаад явж байна. Шүүх шинжилгээний байгууллага нь 2023 оны  нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газрын агентлаг болж ажиллахаар болсон. Орон тоог шинэчлэн тогтоож байгаа. Шинжээчдийн хараат бус байдлыг  хуулиар нарийвчлан зохицуулж өгсөн. Шинэ хууль нь нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүрэг бүхий хууль боллоо” гэх мэдээллийг өгсөн юм.

Сэтгүүлчид түүнээс дараах асуултад нэмэлтээр хариулт авч байв. 

-Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлнэ гэж байна. Амь насаа алдсан хүний тухайд хэрхэн зохицуулах вэ?

-Олон улсын практикт янз янзаар авч үздэг юм байна лээ. Жишээ нь, нас барсан иргэний хохирлын үнэлгээг Солонгос улсад 80 сая вон буюу монгол төгрөгөөр 150-160 сая төгрөг орчмоор хамгийн доод суурь үнэлгээг хийгээд явдаг. Түүнээс дээш шүүхийн шатанд нотлох баримтуудаа бүрдүүлж өгснөөс хойш энэ суурь үнэлгээ өсөх боломжтой. Шинэ хуулиар гурван аргачлалыг авч үзсэн.

Нас барсан хүний ар гэрт нөхөн төлбөрийг хэрхэн олгох вэ гэвэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний суурь үнэлгээг тооцсон. Энэ нь 82 сая төгрөг орчим үнэлгээ болж байгаа.

-Суурь үнэлгээг хэрхэн тооцсон бэ?

-Ойлгомжтой тайлбарлах үүднээс жишээ хэлье. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 550 болсон. Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67, эмэгтэйчүүдийнх 76 байна. Тухайлбал, 22 настай эмэгтэй гэмт хэргийн улмаас нас барлаа гэхэд дундаж наслалт 72 тул, энэ хооронд хөдөлмөр эрхлэх 50 жилийн боломж бололцоог тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин хугалж нөхөн төлүүлнэ. Энэ үнэлгээ  2.750.000 төгрөг болж байгаа. Үүнийгээ 50 жилээр үржүүлэхээр 137 орчим сая төгрөгийн суурь үнэлгээ гарна. Тухайн иргэний ар гэр, тэдэнд аль ашигтай байдлаар аргачлалуудыг зохицуулна гэсэн үг юм.

-Өнчин үлдэж буй ар гэр,  бага насны хүүхдүүдийг хэрхэн авч үзэх юм бол?

-Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин хоцорсон ар гэр, үр хүүхдүүдэд дээрх үнэлгээг хоёр дахин нугалж өгөхөөр тооцсон. Тэгэхээр дээр хэлж буй 137 сая төгрөг гэдэг маань 260-270 сая төгрөг болох, ийм хэмжээний суурь үнэлгээг тавьсан. Энэ бол зөвхөн шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээгээр гаргаж, нас барсан иргэнд тавигдах нөхөн олговрын мөнгөн дүн юм. Үүний дараа шүүхийн шатанд тухайн иргэний хийж бүтээх байсан боломж, бололцоог нотолж шүүх шатанд  энэ үнэлгээг нэмэгдүүлээд явах боломж бий.

-Нөхөн төлбөрийн эх сурвалжийг хаанаас гарах вэ?

-Гэмт хэрэг үйлдсэн этгээдээс  гаргуулна.

-Санхүүгийн боломжгүй хүн байвал яах вэ?

-Энэ тохиолдолд ял нь нэмэгдээд явнах зохицуулалттай байгаа.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top