Ерөнхийлөгч Юн Сок Ёль ирэх онд иргэдээ 1-2 насаар ЗАЛУУЖУУЛНА

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Өмнөд Солонгосын ард иргэд ирэх оны зургаадугаар сард 1-2 насаар залуужна. Хачирхалтай сонсогдож байгаа ч тус улс ирэх жилээс эхлэн "Солонгос насны тогтолцоо"-г халж дэлхий нийтийн жишгээр нас тооцож эхлэхээр болсон байна. 

Шинэчилсэн хуулийн төсөл ирэх оны зургаадугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлснээр иргэдийн насыг төрсөн он сараар нь тооцож тогтоох юм. Өмнөд Солонгос улс хэдэн зуун жилийн турш "Солонгос насны тогтолцоо"-г ашигласан. Энэ төрлийн нас тоолох систем манай улсад ч бий. Бид үүнийг "Хий нас" хэмээн нэрлэдэг билээ.

 

 

Тус улсад одоогоор гурван насны систем үйлчилж байна

  • Солонгосын уламжлалт нас тоолох систем
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн систем
  • Төрсөн он сар хамааралгүйгээр нас нэмэх систем

Олон улсад шинээр төрсөн хүүхдийг 0 настай хэмээн тооцож, нэг нас хүртэлх хүүхдийг нярай хэмээн нэрлэдэг. Харин Солонгос улсад дөнгөж төрсөн хүүхдийг 1 настай хэмээн тооцдог. Мөн "Цагаан сар"-ын баярын үеэр бүгд хамтдаа нэг нас нэмлээ хэмээн үздэг бөгөөд 12 жилээс хамааран нэг онд төрсөн ч насны зөрүү гардаг байна.  

Энэ нь нийгэмд багагүй төөрөгдөл үүсгэдэг. Иргэд эдгээр тооллын системыг хольж хэрэглэснээс үүдэн ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн халамж үйлчилгээнээс хоцрох, вакцинжуулах хөтөлбөрт алдаа гарах зэрэг хүндрэл учирдаг аж. 

Одоогийн Ерөнхийлөгч Юн Сок Ёль сонгуулийн компанит ажлынхаа үеэр нас тоолох системыг цэгцэлнэ хэмээн ярьсан нь олны дэмжлэг авсан. Энэхүү амлалтынхаа хүрээнд улсын иргэдээ 1-2 насаар залуужуулж, дэлхий нийттэй ижил тооллогын систем хэрэгжүүлж эхлэхээр болжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top