Швейцарын хөгжлийн агентлаг 10 жил хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хаалтаа хийлээ

Т.Давааням | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, Азийн сан, иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн билээ. 2012-2022 онд хэрэгжүүлсэн уг хөтөлбөрийн хаалт өнөөдөр /2022.12.01/ боллоо.

Өнгөрсөн 10 жилийн турш хэрэгжсэн уг хөтөлбөрийн хүрээнд “Нэг цэгийн үйлчилгээ” нээгдэж, иргэний үнэмлэхээ харьяа хорооноос авах боломжтой болсон гээд маш олон ажил хийгджээ. Өмнө нь иргэний үнэмлэхээ шинээр гаргуулахын тулд бүртгэлийн байгууллагын хаалга сахиж тав хонодог байсан бол өнөөдөр гэрийнхээ хажуунаас иргэний үнэмлэхээ авч байгаа нь уг төслийн бодит үр дүн юм.

Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн зохицуулах нэгжийн ахлах мэргэжилтэн Д.Солонго:

-Энэ хөтөлбөр 2012 оноос эхэлсэн. Мэргэжилтнүүд Монгол Улсад ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар судалгаа хийсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд гурван төсөл хэрэгжүүлсэн. Тухайлбал, ЗГХЭГ-тай хамтран хэрэгжүүлсэн Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл, НЗДТГ Азийн сантай хамтран хэрэгжүүлсэн Хотын засаглалыг сайжруулах төсөл, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлсэн Иргэдийн оролцоо төсөл хэрэгжсэн.

Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл маань төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, шаардлагатай санхүүжилтийг тухайн төсөл дээр олгож байгаа эсэх асуудлыг шийдэхээр ажилласан. Гол хуулиудад зохицуулалтаа оруулаад, амжилттай явж байгаа. Цаашид батлагдсан хууль бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажил нь төр засгийн үүрэг болоод байна.

Хотын засаглалыг сайжруулах төсөл маань нийслэлийн иргэдэд хүрч чадахгүй байгаа үйлчилгээг хэрхэн сайжруулах тухай юм. Тухайлбал, иргэний үнэмлэх авах үйл явцыг цахимжуулаад, хорооноос авдаг болсноор зарим тохиолдолд нэг өдрийн дотор авах боломж бүрдсэн. Мөн иргэдэд үйлчилж байгаа төрийн албан хаагчийн чадавхи сайжирч байж засаглал сайжирна. Иймд төрийн албан хаагчийн чадавхийг сайжруулах үүднээс маш олон ажлууд хийсэн.

Иргэдийн оролцоо төслийг бол Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлсэн. Ингэхдээ ихэвчлэн залуучуудыг хамруулсан. Залуус нийгмийн оролцоонд идэвхгүй байсан учраас өөрсдийнх нь оролцоог дэмжсэн жижиг төслүүдийг хэрэгжүүлсэн. Мөн дөнгөж сургуулиа төгссөн залуу сэтгүүлчдийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлсэн. Тэд маань өөрсдөө “Төгсөгчдийн холбоо” байгуулаад явж байгаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн:

-Төвлөрлийг сааруулах гэдэг ойлголт маань улс орны түвшин болгонд төрийн байгууллагын чиг үүргийг хэрхэн хуваарилсан тухай юм. Засгийн газар эрх мэдлийг орон нутагт өгөх үйл явц хэрэгсэн. Орон нутгийн удирдлагуудад санхүүгийн болон шийдвэр гаргах эрх мэдлийг өгснөөр төвлөрөл саарч байна гэж хэлж болно. Эрх мэдлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр бол нэлээд ажил хийгдээд явж байгаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

- “Хотын засаглалыг сайжруулах төсөл долоон жилийн хугацаанд хэрэгжсэн. Засаглалын хувьд төвлөрлийг сааруулна гэдэг нь төрийн үйлчилгээ зөвхөн нэг байгууллагад төвлөрч байсан бол одоо нэгж бүрд тарж, иргэдэд үйлчилгээ хурдан шуурхай хүрэхийг хэлнэ. Ингэснээр нийслэлийн 95 үйлчилгээг цахимжуулсны дотор зөвшөөрөлтэй холбоотой 74 төрлийн үйлчилгээ багтаж байгаа. Бид  өмнө нь хорооноос үйлчилгээ авч мэддэггүй байсан. Энэ бүх үйлчилгээ цахимжиж, иргэн хорооноос үйлчилгээ авах боломжтой боллоо. Мөн нийслэлийн нэг цонхны үйлчилгээний төвүүдэд хандаж бүх үйлчилгээг авч байна. Энэ бүхэн Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй ЗГХЭГ, НЗДТГ, Азийн сан хамтран ажилласны үр дүн юм. Энэ үр дүн иргэдэд бодитойгоор хүрч буй. Засаглалыг сайжруулна гэдэг дуусдаггүй, байнгын аялал. Энэ чиглэлд нийслэл албан хаагчдаа чадавхжуулах төслүүдийг олон улсын байгууллагуудтай хамтран энэ жилээс хэрэгжүүлж байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри:

-"Сайн засаглал нь улс орны хөгжлийг урагшлуулах том хүчин зүйл. Ийм учраас ч Швейцарын хөгжлийн агентлагаас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэхүү төслийн зарим үр дүнг онцолбол, нэг цонхны үйлчилгээний төвийг өргөжүүлсэн нь бизнес эрхлэгчид болон иргэдэд үр өгөөжөө өгсөөр байна. Хөтөлбөрийн чухал үр дүнг хамтрагч байгууллагууд цаашид үргэлжлүүлж, тогтвортой байдлыг хангана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top