Ж.Сүхбаатар: Энэ нөхцөлд хийж чадах арга хэмжээгээ бүгдийг нь авах ёстой

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгт нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр давуу эрхээр явах ёстой. Энэ журам хатуу мөрдөгдөхгүй байгаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо өчигдөр (2022.11.30) хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үүнд Ерөнхий сайд ч оролцсон. 

Нийтийн тээврийн хүрэлцээ, хангамж муугаас гадна саатал ихтэй байна. Автобус хүлээж байгаа иргэд даарч байна. Тэгэхээр энэ нөхцөлд бид хийж чадах арга хэмжээгээ авах ёстой. Тиймээс Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв гэх энэ гурван газар ирэх даваа гарагаас бүх хүчээ дайчлаад, зөвхөн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах тал дээр анхаарч ажиллахаар болсон.

Тээврийн цагдаагийн газарт хүний нөөцийн дутагдалтай, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг камераар хянаад торгосон ч үр дүнгүй гэх мэт асуудлууд байгааг ойлгож байна. Гэсэн ч байгаа бүх хүчээ гаргаад нийтийн тээврийг амьсгаа авах хэмжээнд нь ажиллуулах ёстой гэдэг үүргийг өгсөн. Одоо шахалт үзүүлэхээс өөр арга алга. 

Зөвхөн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулснаар түгжрэл арилахгүй ч гэсэн амьсгаа авах хэмжээнд багасна.

Яамгүй сайд гэдэг нөхөр бүх хүний бухимдлыг тайлагч болж хувираад байна. Бүх зүйлийг намайг хариуцдаг гэж олон нийт ойлгоод замын зохицуулалт, нийтийн тээврийг надаас асуугаад байна. Би хариуцсан хүн нь биш. Цаана нь хариуцсан олон газар ажиллаж байгаа.  Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн нийтийн тээврийн газар гэж бий. Тэндээс асуу. 

Хүмүүс намайг зоригтой шийдвэр гарга гээд байх юм. Би зоригтой байгаа, хэнээс айх юм бэ. Замбараагүй байгаа олон асуудлыг шийдэх гээд ажиллаж байна. 20,30 жил бугшсан асуудлын үр дагаврыг би гуравхан сарын дотор шууд шийдэж чадахгүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.189.220) 2022 оны 12 сарын 02

Нийслэл хотод замын цагдаагийн орон тоог нь дор хаяж 50 хувь нэмэгдүүл тэгж байж түгжрэл арилна, цагдаа ч гэсэн хүн шүү дээ, хэт их ачаалалтай ажиллаж харагдах юм. Уулзвар гарц болгон дээр цагдаа зогсоочихоод харилцан уялдаатай зохицуулалт хийвэл шийдэж болохоор л байна. 420 тэрбумаасаа цагдаагийн орон тоонд зарцуул.

0  |  0
Иргэн(134.195.196.134) 2022 оны 12 сарын 02

Юу ч хийж чадахгүйгээ хэлээд зайлчихаач дээ.

0  |  0
Top