“Нэгдсэн менежмент байхгүйгээс болж автобус компаниуд ашиг олоход анхаараад байна"

Б.Түшиг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр нийтийн тээврийн үйлчилгээний талаар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "2008 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг тухайн үеийн С.Баярын Засгийн газар хийж байсан. Харамсалтай нь, түүнээс хойш жил жилийн төсвүүдэд парк шинэчлэлтэй холбоотой томоохон бодлогыг авч хэрэгжүүлж ирээгүй нь бидний алдаа. Хоёрдугаарт, нийтийн тээврийн салбарын асуудал, ачааллыг төр өөр дээрээ авч ирснийг бодлогын алдаа гэж харж байгаа.

Ирэх онд 320 тэрбум төгрөгийг төрийн болон хувийн хэвшлийн нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх үйл ажиллагаанд зарцуулна.

Үүгээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн ААН-үүдийн парк шинэчлэлтийг цогцоор нь шийднэ. Энэ хүрээнд нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 17 нэгж хамтраад, зардлаа бууруулж, менежментийг нэгдсэн байдлаар авч явах бодлогыг Засгийн газар дэмжиж байгаа.

Өөрөөр хэлбэл, ашиг орлого олдоггүй мөртлөө төрөөс татаас авах байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудын менежментийг нэг болгож, ашиг орлогоо хамтдаа хүртэж явдаг байх боломж үүсгэхийг хүсэж байна. Ийм нэгдсэн менежмент байхгүйгээс болж тус тусдаа олж байгаа орлого нь үйл ажиллагаандаа хүрэхгүй, төрөөс татаас авч байна.

Нөгөө талд нийтийн тээврийн маршрутыг иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцүүлж, оновчтой байлгаж чадахгүй байна. Учир нь илүү ашиг орлоготой, хүн төвлөрсөн маршрут руугаа маш олноороо төвлөрч ажиллаад байна. Хотын төв дэх зарим автобусны буудал дээр 30 гаруй чиглэлийн автобус ирж зогсдог. Гэтэл хүн ам төвлөрсөн хотын төвтэй харилцаа үүсгэх автозамуудад хангамж хүрэлцээгүй байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top