Дэлхийг өөрчилсөн ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг төдийгүй дэлхийг үзэх үзлийг өөрчилсөн олон санаа, бүтээл төрүүлжээ.

Зарим бүтээл нь цаг үеэсээ түрүүлж, хойч үеийн хөгжилд хүрэх замыг тавьсан нь бий. Түүхийн явцад хүмүүний соёл иргэншил хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, зарим тохиолдолд амьдралыг сүйрүүлэх ч чадалтай инженерийн гайхамшгийн гэрч нь болсоор ирсэн. Zindaa.mn мэдээллийн сайт дэлхийг өөрчилсөн бүх цаг үеийн гайхамшигт бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.

 

Генийн дараалал тогтоох технологи 

Генийн дараалал тогтоох технологийн хөгжил анхнаасаа л уралдаан байв. 1998 онд АНУ-ын био химич, ген судлаач, био технологич Крэйг Вентер 300 сая ам.доллароор гурван жилийн дотор хүний бүтэн геномын дарааллыг тогтоож чадна гэж мэдэгдэж байв. Гэтэл цаг хугацаа, төсөв мөнгөний хувьд энэ нь зөвхөн АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй “Хүний геном” төсөлд боломжтой мэт байв. Гэсэн ч эцэстээ эл уралдаан нэгэн зэрэг амжилттай барианд орсон. Хоёр төсөл хоёул 2001 онд бүрэн тайлан гаргаж байв. Вентер амлалтаа биелүүлж, гурван жилийн дотор төслөө амжилттай хэрэгжүүлсэн юм.

 

Эрэг чангалах түлхүүр

1907 онд Нью Йорк мужийн Жеймстаун хотод үүсгэн байгуулагдсан “Crescent Tool” компани нэг л бүтээгдэхүүнтэй байв. Тэр нь янз бүрийн хэмжээтэй багц түлхүүрийг орлох ганц л төрлийн эрэг чангалах түлхүүр байлаа. Хэрэглэхэд авсаархан бөгөөд тохиромжтой энэ хэрэгсэл 1927 оныг хүртэл түгээмэл болж чадаагүй байна. Тухайн үед ганцаараа Атлантын далайг онгоцоор туулсан Чарлз Линдберг аялалдаа зөвхөн хоёр төрлийн багаж авч явсны нэг нь эрэг чангалах түлхүүр байсан гэж мэдэгдсэнээр энэ багаж өргөн хэрэглэгдэх болжээ.

 

Бичгийн машин

1800-аад оны эхээр дэлхий дахин хордуулдаг цаас хэрэглэдэг анхны механик бичгийн машинтай танилцав. Энэ хоёр бүтээлийг хоёуланг нь Италийн зохион бүтээгч Пеллегрино Турри санаачилжээ. Ингэж орчин цагийн бичгийн машины хөгжил эхэлж, 1910 онд нэг стандарттай болсон. Өөрөөр хэлбэл аль ч үйлдвэрийн бичгийн машин нэг төрлийн дизайнтай байх ёстой. Хамгийн чухал санааг 1874 онд Кристофер Л.Шолес гаргасан. Тэрээр “QWERTY” гарын байрлалыг танилцуулсан. Энэ гарын байрлал орчин үеийн компьютер болон бараг бүхий л бичгийн хэрэгслийн стандарт болсон билээ.

 

 

Унадаг дугуй

Пенни фартинг буюу урд дугуй нь том, арын дугуй нь жижиг тээврийн хэрэгслийг анхны унадаг дугуй гэдэг. Үүнийг 1869 онд анх бүтээж, хорин жилийн турш ихээхэн дэлгэрчээ. Гинжээр холбосон дугуйтай орчин үеийн унадаг дугуй гарч ирснээр пенни фартинг хоцрогдож, хэрэглээнээс гарсан байна. Унадаг дугуй нь нэгэн төрлийн чухал тээврийн хэрэгсэл болоод зогсохгүй түүхэнд мах чухал үүрэг гүйцэтгэжээ. Өрнөдөд эмэгтэйчүүд сонгох эрхтэй болоход унадаг дугуй ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг байна.

 

Чийдэн

Чийдэн зохион бүтээсэн гавьяаг Томас Эдисон хүртэх ёстой. Хэдийгээр тэр энэ технологийн хөгжилд хувь нэмэр оруулсан цорын ганц хүн биш ч хямд үнэтэй, хэрэглэхэд хялбар чийдэн бүтээснээр өрсөлдөгчдийнхөө урд алхдаг. Тэрээр мөн 1200 гаруй цаг асах чадвартай нүүрсжүүлсэн хулсыг чийдэнгийн утас болгон ашиглах санааг сэджээ. Харин Льюис Ховард Латимер, Уиллис Р.Уитни нар чийдэнгийн утсыг боловсронгуй болгох илүү үр дүнтэй арга сэдэж, шилэн чийдэнг дотроосоо харлахаас сэргийлэх санаа олж байжээ. Удаан хугацаанд асах хүчин чадалтай чийдэнг анх Калифорнийн Ливермор хотын гал унтраах газарт асаасан түүхтэй. Чийдэнг 1901-1905 оны хооронд анх асааж байсан гэж үздэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top