Дэлхийг өөрчилсөн ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг төдийгүй дэлхийг үзэх үзлийг өөрчилсөн олон санаа, бүтээл төрүүлжээ.

Зарим бүтээл нь цаг үеэсээ түрүүлж, хойч үеийн хөгжилд хүрэх замыг тавьсан нь бий. Түүхийн явцад хүмүүний соёл иргэншил хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, зарим тохиолдолд амьдралыг сүйрүүлэх ч чадалтай инженерийн гайхамшгийн гэрч нь болсоор ирсэн. Zindaa.mn мэдээллийн сайт дэлхийг өөрчилсөн бүх цаг үеийн гайхамшигт бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.

Тюрингийн машин

Алан Тюринг математикийн томьёонуудыг ашиглан Энигма кодыг тайлах машин бүтээжээ. Тюрингийн машин нь тухайн программ, өгөгдлөөс хамааран янз бүрийн тооцоолол хийх хүчин чадалтай. Гэхдээ тус машин нь нэг удаад нэг л тооцоолол хийдэг сул талтай. Хэдий тийм ч Тюрингийн машиныг орчин үеийн компьютерын анхдагч хэмээн үздэг.

Цөмийн бөмбөг

Сүүлийн хоёр мянган жилийн турш гарсан технологийн дэвшил, бүтээлч санаануудтай харьцуулбал цөмийн бөмбөг хүн төрөлхтний түүхэнд асар их нөлөө үзүүлжээ. Хэдхэн секундийн дотор ганц цөмийн бөмбөг Хирошима хотын 200 мянга орчим хүнийг үгүй хийсэн. Дэлхий хэмээх гарагийг сөнөөх ч хүчтэй цөмийн зэвсэг нь нөгөө талаар дэлхий дахины аюулгүй байдлын баталгаа болж байна. Учир нь улс орнууд дайн эхлүүлэхээс өмнө хэдэнтээ тунгаан бодох шалтгаан нь цөмийн бөмбөг юм.

Мэдээгүйжүүлэлт

Мэдээ алдуулалгүй хэн нэгэн мэс засалд орж байна гэж төсөөлөөд нэг үзээрэй. Энгийн үгээр хэлэхэд мэдээ алдуулах бодис нь таны тархи, биеийг унтуулах эсвэл биеийн тухайн хэсгийн мэдрэлийг алдуулдаг. Эрт дээр үеэс хүмүүс өвчин намдаах зорилгоор төрөл бүрийн ургамал хэрэглэдэг байжээ. Харин орчин үед мэдээ алдуулах бодис хүнийг хэт өвдөлтөөс хамгаалаад зогсохгүй шинжлэх ухаанд хүний мэдрэлийн механизмыг судлах боломж олгодог.

 

Хувьслын онол

Өнөөг хүртэл Дарвины хувьслын онол хүмүүний болон дэлхий дээрх амьд организмын гарал үүслийг ойлгуулсан шилдэг тайлбар байсаар ирсэн. Бидний өвөг дээдэс хэн бэ, үлэг гүрвэлээс ямар амьтад гаралтай вэ, яагаад тухайн амьтан тухайн газартаа амьдардаг вэ гэх мэт. Жинхэнэ анхдагчийг тогтоох эрэл үргэлжилсээр ч өнөөг хүртэл хийсэн нээлтүүд Дарвины хувьслын онолтой зөрчилддөггүй байна.

Мэдээлэл бол бараа

Түүхийн нэгэн үед мэдээлэл бол бараа юм гэсэн санаа хүний ухаанд орж иржээ. Өөрөөр хэлбэл ашгийн төлөө арилжих боломжтой бараа. Өдгөө интернэт нь мэдээлэл худалдах, худалдан авах хамгийн ачаалалтай зах болоод байна. Компьютерын дэлгэцнээ гарах сурталчилгаа бүр санамсаргүй илгээсэн зүйл огт биш. Үүнийг таны сонирхол, таашаал, хайлтын түүх, нас, хүйс, үндэс угсаа, мэргэжил, цахим харилцаанд тохируулан нарийн сонгосон байдаг. Харин та эдгээр мэдээллийн ашгийг хүртдэггүйд хамгийн том асуудал оршдог.

Top